Дэлхийн зэсийн хамгийн том ордод тооцогддог Чилийн Эскондида уурхайн 2500 гаруй ажилчин цалингаа чамлан өчигдөр ажил хаясан тухай BBC мэдээллээ. 24 цаг ажил хаяхаар төлөвлөөд буй ч цаашид үргэлжилж магадгүй гэж санаачлагчид нь мэдэгджээ. Уурхайчид цалингаа нэмэгдүүлэх болон ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлж, урамшуулалт цалин олгохыг удирдлагуудаасаа шаардаж буй аж.
Хайлш болон цахилгааны утас үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг цэвэр зэсийн гуравны нэг орчмыг зөвхөн Чили улсад үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн уул уурхайн гигант “BHP Billiton” компанийн Чили улс дахь Спенс болон СерроКолорадо уурхайн ажилчид ч тэдэнтэй нэгдэж, ажил хаяж эхэлсэн байна. Атакамын цөлд орших Эскондида уурхайд жилд нэг сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг нь Чилийн нийт олборлолтын 20 гаруй хувьтай тэнцэх аж.
Дашрамд сануулахад, 2011 оны долдугаар сард тус уурхайн ажилчид 14 хоног ажил хаяж, олон улсын зах зээлд зэсийн үнийг хөөрөгдсөн удаатай. Уул уурхайн салбар нь Чилийн эдийн засагт үлэмж нөл өөтэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тэд уурхайчдын цалинг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлага хүргүүлэх бололтой.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ