Олон мянган нууц баримтыг “Wikileaks”-т дамжуулсан тагнуулын шинжээч Брэдли Мэннинг АНУ-д хохирол учруулсандаа өчигдөр анх удаа уучлалт гуйжээ. Америкийн Мэрилэнд мужийн “Форт-Мид” баазад хуралдсан цэргийн шүүх ажиллагааны үеэр тэрбээр “Тухайн үед миний хийсэн үйлдэл Ирак, Афганистанд болж байсан дайныг дуусгана гэдэгт итгэж байсан төдийгүй түүнийхээ төлөө ямар шийтгэл үүрэхээ ч гүйцэд ухамсарлаагүй байсан” гэж ярьсан байна. Брэдли Мэннингийг тагнуул хийсэн, улсын өмчийг хулгайлсан зэрэг 20 гаруй зүйл ангиар буруутгаж, 90 хүртэл жил шоронд хорих ял төлөвлөөд байгаа билээ. Ирэх долоо хоногт болох шүүх хурлаар түүний хэргийг эцэслэн шийдвэрлэх гэнэ.
АНУ-ын армийн алба хаагч асан тэрбээр 2010 онд Иракт цэргийн тагнуулын шинжээчээр ажиллаж байхдаа Америкийн цэргийнхэн, тусгай албад, дипломатчдын Афганистан дахь үйл ажиллагааг хөндсөн АНУ-ын Засгийн газрын 700 мянга гаруй нууц материалыг “Wikileaks”-т дамжуулснаа хүлээн зөвшөөрч, АНУ-ын гадаад болон цэргийн бодлогын талаар олон нийтийн хэлэлц үүлэг өрнүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн, үүнийхээ төлөөсийг өөрийн биеэр төлөх ёстой гэдгээ ойлгож буйгаа мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зорилго агуулаагүй гэдгээ онцолсон байна.
Брэдли Мэннингийг мэдэгдэл хийхээс өмнөхөн АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад, сэтгэл мэдрэлийн эмч Дэвид Моултон “Нууц мэдээллийг бусдад задруулах үедээ тэрбээр найз нөхөд, гэр бүлээсээ тусгаарлагдаж, маш их ганцаардсан байсан” гэсэн дүгнэлт хийснээ ярьжээ. Тэрбээр Мэннингийн баривчлагдсаны дараа 21 цагийн турш түүнтэй ярилцсан аж. Мөн түүнийг Иракт ажиллаж байх үед нь сэтгэл зүйн зөвлөгөө өгч байсан АНУ-ын армийн сэтгэл мэдрэлийн эмч, ахмад Майкл Уорсли “Мэннинг Иракт байхдаа цэргийн үүргээс чөлөөлөгдөх шийдвэр гаргаад байсан.
Тагнуулын шинжээчийн ажлаас залхаж, бачимдаж байсан” хэмээн мэдэгдсэн аж. Эмчилгээнийхээ үеэр Мэннинг ахмад Уорслид эмэгтэй хүн болж амьдрах хүсэлтэйгээ мэдэгдэж, цайвар шар өнгийн хиймэл үс зүүж, нүүрээ будсан зургаа илгээж байжээ.
Б.ЦЭЦЭГ