Албанаас нь унагасан Ерөнхийлөгч М.Мурсийн талынхан хийгээд Египетийн одоогийн эрх баригчдын хоорондын сөргөлдөөнөөс үүдсэн үймээн намжихгүй байна. Ерөнхий сайдын орлогч Мухаммед эль-Барадеи хүчирхийлэл хяналтаас гарч эхэлмэгц огцрох өргөдлөө өгчээ. “Би огцрох шийдвэр гаргалаа. Учир нь Египетийн түр Засгийн газрын гаргасан шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй. Би Засгийн газартай санал нийлэхгүй байна” хэмээн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн асан, Нобелийн Энхтайвны шагналт эль-Барадеи тэмдэглэжээ.
Каирт Засгийн газрын цэргүүд исламын талынхны майхан хуаранг урж буулгаж буй агаад тэдгээрийн нэгд тулалдаан ширүүн үргэлжилж байгаа аж. Эрх баригчид байдлыг намжаахаар 27 мужийн 11-т нь нэг сарын онцгой байдал зарлав. Ингэснээр үдшийн 19.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хөл хорих аж. Мөн орон даяар галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Нийслэлээс хальсан мөргөлдөөн Александр, Суэц, Луксор, Исмаил, Эль-Файюм зэрэг олон хотод “халдварлаад” байна. BBC амь үрэгдэгсдийн тоог 149 гэж мэдээлсэн бол, экс Ерөнхийлөгчийн талынхан “2000 давсан” хэмээв.
“Лалын ахан дүүс”-ийн лидер Мухаммед аль-Бельтагийн 17 настай охин цээж, нуруундаа шархдаж, амиа алджээ. Үүний өмнө буудалцааны үеэр “Sky news”- ийн фото сурвалжлагч Мик Дин лалынхны хуаранд суманд оногдож нас барсан юм. Европын орнууд Египетээс ЭСЯ-аа татаад эхэлжээ.
Х.ЭНХ