АНУ-ын тусгай албадын цахим мөрдлөгийн программыг илчилсэн ТТГ-ын ажилтан асан Э.Сноудены “Нью-Йорк таймс”-т өгсөн ярилцлага тус сонины сайтад уржигдар гарчээ. Тэрбээр сэтгүүлч Питер Маасстай хөөрөлдөхдөө сурвалжлагч нар эрх баригчдын мөрдөлт, тагналтаас өөрийн бичлэгийг хамгаалахын тулд нууц түлхүүрийн арга ашиглахад суралцах хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ. “Нууцлалын арга ашиглалгүй бэлтгэсэн ямар ч мэдээллийг интернэтээр илгээхэд дэлхийн тагнуулын аль ч алба хүлээн авч байдгийг ойлгодоггүй хүмүүс хэвлэл, мэдээллийн байгууллагад ажилладгийг мэдэхдээ би гайхсан” хэмээн Сноуден ярьжээ. “Нью-Йорк таймс”-ын сайтад түүнчлэн сэтгүүлч Питер Маассын АНУ-ын баримтат киноны найруулагч Лора Пуатрагийн талаар бичсэн материал нийтлэгджээ.
Уг өгүүлэлд Лора Пуатра тусгай албадаас хамгаалах аргыг ажилдаа хэрхэн хэрэглэдэг, анх Э.Сноудентай түүний хамтарч ажиллах болсон түүхийн талаар бичсэн байна. Э.Сноуден нууц мэдээллээ Л.Пуатрагаас гадна Британийн “Гардиан” сонины сурвалжлагч Гленн Гринвальдад дамжуулсан байдаг. Тэрбээр “Яагаад Та Америкийн томоохон хэвлэлийн ажилтнуудад хандаагүй юм бэ” гэсэн П.Маассын асуултад хариулахдаа “2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Америкийн мэдээллийн олон том байгууллага Засгийн газрыг хянах өөрийн үүргээс татгалзсан. Эх оронч сэтгэлгээ өндөр түвшинд хүрээд байсан тухайн үед тэд эх оронч бус хэмээгдэхээс эмээж, санх үүгийн алдагдал хүлээхгүйн тулд ийм зам сонгосон. Бизнесийн хувьд энэ стратеги ашигтай байсан ч нийгэм дэх хор уршиг нь өндөр үнэтэй туссан. Чухам энэ л шалтгаанаар би АНУ-ын хэвлэл, мэдээллийнхэнд хандахаас татгалзсан” гэж тэмдэглэжээ.
Дашрамд өгүүлэхэд, хатагтай Пуатра Холбооны Засгийн газрын зүгээс Америкийн иргэдийн эрхийг хохироох асуудалд анхаарал хандуулдаг уран бүтээлч. Тэрбээр “Нью-Йорк таймс”-ын сурвалжлагчийг Сноудентай ярилцлага хийхэд зуучилж тусалжээ. Сэтгүүлчийн тавьсан асуултыг нууц түлхүүр үгээр хувирган Сноуденд илгээж, хариултыг нь Маасст дамжуулсан гэнэ. Э.Сноудены Хонконгоос дамжуулсан нууцын зэрэглэлтэй албаны мэдээллийг бүрнээр хадгалж буй хоёрхон хүн нь Британийн Гленн Гринвальд, АНУ-ын Лора Пуатра гэгдэж буй юм.
Х.ЭНХ