8 дугаар сарын 14-ний үүрээр 63 км\цаг хурдтай хар салхины хүч гамшгийн дохиоллоор “8” д хүрч Хонконгийн зүүн өмнөд хэсгээр дайран өнгөрлөө. Өглөөний 9.00 цагийн мэдээгээр тайфун хар салхи Хонконгийн баруун өмнөд хэсгээс 260 км зайд байсан ба БНХАУ-ын Гуандун муж руу чиглэлтэй байжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ютор хар салхины нөлөө бүхэл өдрийн турш Хонконгод мэдрэгдэнэ гэж зарлаж байна.
Одоогийн байдлаар Хонконгийн бүх албан байгууллага ажиллахгүй байгаа ба олон улсын нисэх буудалд 34 нислэг цуцлагдаж, 341 нислэг хүлээгдэж байна. Саяхнаас зарим нислэгүүд сэргээд байна. Үдээс хойш 14-19 цагийн хооронд салхины хүч дахин нэмэгдэх магадлал өндөр гэж Хонконгийн цаг уурын ажиглах төвөөс мэдээлснийг Хонконг дахь Монголын Ерөнхий консулын газраас дамжуулав.