Нидерландын хунтайж Йохан Фризо 18 сар ухаан оролгүй байсны эцэст 44 насандаа таалал төгслөө. Хааны гэр бүлийн мэдэгдсэнээр, Й.Фризо 2012 оны хоёрдугаар сарын 17-нд Австрийн уулын цанын амралтын газарт осолд орох үедээ толгойдоо хүнд гэмтэл авчээ. Цанаар гулгаж байсан түүнийг цасан уруйд даруулснаас хойш 20 минутын дараа олж, эмнэлэгт хүргэсэн ч, тэр цагаас өдий хүртэл сайжрал олоогүй юм байна.
Хунтайжийн таалал төгссөн тухай мэдээг хүлээж аваад Грект амарч байсан түүний ах, Нидерландын хаан Виллем Александр эх орондоо буцаж очжээ. Нидерландын хатан хаан асан Беатриксын хоёр дахь хүү Й.Фризо ураны баяжмалын үйлдвэрлэл эрхэлдэг Их Британийн “Urenco” компанид өндөр алба хашиж байв. Үүнийхээ өмнө “Wolfensohn & Company”, “Goldman Sachs”, “Mckinsey & Co” зэрэг дэлхийн томоохон компанид ажиллаж байжээ. Тэрбээр 2004 онд Парламентын дэмжлэг байхгүйг үл харгалзан, Мейбл Виссе Смит гэдэг бүсгүйтэй ханилж, хаан ширээ залгамжлах эрхээ үгүй хийжээ. Уг эмэгтэйг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Чухам тэр цагаас энэ гэр бүл Оранкс Нассаугийн гүн ба гүнгийн хатан цол зүүж, хоёр хүүхдийнхээ хамт Лондонд аж төрөх болсон ажээ.