АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газар (ҮАБГ)-ын тэргүүлэх ашиг сонирхол, зорилтын тоонд Орос, Хятад, Иран, Афган, Пакистан багтсан тухай Германы “Spiegel” сэтгүүл мэдээлэв. 2013 оны дөрөвдүгээр сар гэж огноо тавьсан уг баримт бичиг нь үүний өмнө ТТГ-ын ажилтан асан Э.Сноудены сэтгүүлчдэд дамжуулсан нууц мэдээллийн нэг хэсэг аж.
ҮАБГ зорилгоо таван зэрэглэлд хувааж үзжээ. “1” гэсэн дугаарын ард Америкийн тагнуулын хувьд хамгийн өндөр сонирхол татах дэлхийн улс орон, бие даасан нэгж талбар, харин “5” гэсэн зэрэглэлд хамгийн бага сонирхол татахыг хамааруулсан байна. Тухайлбал, Герман, Франц, Япон жагсаалтын дунд хэрд бичигдсэн байхад, Итали, Испани эдгээрийн ард оржээ. Германы улс төрийн бодлого болон эдийн засаг “3” дугаарын ард байна.
Түүнчлэн Европын холбооны гадаад улс төрийн бодлогын асуудал, олон улсын худалдаа, эдийн засгийн тогтвортой байдал “3” дугаарын зэрэглэлд багтжээ. “4” дугаарын ард америкчууд Германы зэвсгийн экспорт, шинэ технологийг оруулсан бол, ЕХ-ны шинэ технологи, эрчим хүчний аюулгүй байдал ҮАБГ-ын сонирхлыг (“5“ гэсэн зэрэглэл) бараг татдаггүй гэж хэлж болох нь. АНУ-ын тусгай албадын зүгээс тагнуулын ажиллагаа явуулбал “алдас” болох орнууд бас байна.
Их Британи, Шинэ Зеланд, Австрали, Канад нь Вашингтоны “жинхэнэ анд нөхөд” агаад тэдэнтэй тагнуулын мэдээлэл нээлттэй солилцдог болохыг “Spiegel” онцоллоо.