Москва хотын мээрийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Алексей Навальныйн сонгуулийн кампанид гадаадаас санхүүжилт авсан нь шалгалтаар нотлогдлоо гэж ОХУ-ын Ерөнхий прокурорын газар өчигдөр мэдэгдэв.
Тухайлбал, “Яндекс-деньги” төлбөрийн цахим системээр дамжуулан гадаадын 300 гаруй хуулийн этгээд, хувь хүн, АНУ, Финланд, Их Британи, Швейцарь, Канад зэрэг дэлхийн 46 орны нэр нь үл мэдэгдэх хэрэглэгчээс А.Навальный болон түүний сонгуулийн штабын гишүүдийн дансанд мөнгө гуйвуулсан тухай ЕПГ-ын мэдээлэлд дурджээ.
Оросын Либерал ардчилсан намын лидер В.Жириновский нэр дэвшигч А.Навальныйн сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг шалгахыг шаардаж, үүний өмнө ЕПГ-т албан бичиг хүргүүлсэн юм.
Харин Навальный “Живой журнал” дахь өөрийн хуудсанд сонгуулийн сурталчилгаандаа хөрөнгө цуглуулах систем нь тунгалаг, ойлгомжтой болохыг тэмдэглээд, орж ирсэн мөнгөний дүнг ч мэдээлсэн байна. ЕПГ шалгалтын дүнгийн талаарх материалыг Дотоод хэргийн яаманд “эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг шийдвэрлүүлэх” үүднээс хүргүүлжээ. Хойд хөршид сонгуулийн өмнөх үйл ажиллагааг гадаадаас санхүүжүүлэх, нэр нь үл мэдэгдэх эх үүсвэрээс төлбөр шилжүүлэхийг хуулиар хориглодог. Оросын бүгд найрамдах нам-Ардын эрх чөлөөний нам буюу товчилсон нэрээр ПАРНАС бүгд найрамдах намын Москва хотын салбар А.Навальныйг зургадугаар сарын 14-нд нийслэлийн захирагчид нэр дэвшүүлсэн юм. Либерал ардчилсан энэхүү нам 1990 онд ЗХУ-ын коммунист намаас үзэл бодол нийлэхгүйн улмаас салж гарсан “Ардчилсан мөрийн хөтөлбөр” хөдөлгөөний суурин дээр мэндэлжээ.
ПАРНАС-бүгд найрамдах нам 2000-гаад онд хэд хэдэн байгууллагатай нэгдэж, эгнээгээ тэлсний дээр “Өөр Орос” эвсэлд орсон байна. ПАРНАС-бүгд найрамдах нам хоёр даргатай. Михаил Касьянов, Борис Немцов нар 2012 оноос уг албанд ажиллаж буй. Есдүгээр сарын 8-нд хийхээр товлосон Оросын нийслэлийн захирагчийн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдөж байна. А.Навалныйгаас гадна Оросын коммунист намын Төв хорооны орлогч дарга Иван Мельников, “Шударга Орос”- ын тэргүүн Николай Левичев, ЛАН-аас Михаил Дегтярев, “Яблоко”-гийн лидер Сергей Митрохин болон бие даагч Сергей Собянин нар юм.
Х.ЭНХ