Норвегийн Ерөнхий сайд Йенс Столтенберг өнгөрсөн сард Осло хотноо таксины жолоочийн дүр эсгэж, нэгэн өдрийг ард иргэдийнхээ дунд өнгөрөөсөн тухайгаа өчигдөр “Facebook” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Иргэд таксины жолоочтой үзэл бодлоо чин үнэнчээр хуваалцдаг учраас эл арга хэлбэрийг сонгосон аж. Тэрбээр нарны шил зүүж, дүрэмт хувцас өмссөн байсан ч зорчигчдын ихэнх нь түүнийг таксины жирийн нэг жолооч биш болохыг нь гадарлажээ. Нэгэн эмэгтэй бүр “Та толинд Столтенбергтэй тун адилхан харагдаж байна” хэмээн хэлсэн гэнэ. Сурталчилгааны компанитай хамтран зохион байгуулсан эл үйл явдлыг машинд байрлуулсан нууц дурангаар хальсанд буулгаж авсан бөгөөд Ерөнхий сайд түүнийг “Facebook” хуудсандаа нийтэлж, богино хэмжээний кино хийн, есдүгээр сард болох сонгуулийн кампанит ажилдаа ашиглахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд үйлчлүүлсэн зорчигчдоосоо төлбөр аваагүй байна. Харин тэрбээр авцуулах холбоотой андууран тоормосны дөрөөг санамсаргүй гишгэснээс машин гэнэт зогссонд түүний бичлэгийг үзсэн хүмүүс шүүмжлэлтэй хандсан аж. Харин тэрбээр хариуд нь найман жилийн турш жолооны ард суугаагүйгээ учирлажээ. Йенс Столтенберг Норвегт нэлээд нэр хүндтэй боловч иргэдийн дунд явуулсан албан бус санал асуулгын дүнгээр сонгуульд ялагдах магадлалтай байгаа аж. Хэрвээ сонгуульд ялагдвал тэрбээр таксины жолооч болох эсэхийг Норвегийн “VG” сонины сэтгүүлч асуухад “Хэрвээ би таксины жолооч биш Ерөнхий сайд байвал Норвег улс хийгээд таксигаар зорчигчдод хамгийн сайнаар үйлчлэх болно” хэмээжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН