Бэлгийн уламжлалт бус харилцааны талаар суртал ухуулга явуулахыг хориглох тухай ОХУ-ын хуулиас болж, Их Британи Сочийн өвлийн олимпийг бойкотлохгүй хэмээсэн Ерөнхий сайд Дэвид Кэмероны мэдэгдэл “Твиттер”-т нийтлэгдэв. Британийн Ерөнхий сайд энэ үгийг тус улсын жүжигчин, бэлгийн цөөнхийн эрхийн төлөө тэмцэгч Стивен Фрайд хаяглажээ. Орост гомо нарыг хавчих вий хэмээн Фрайн болгоомжилж буйг Д.Кэмерон хуваалцаж байгаа ч ирэх онд энд болох олимпийг хясан боох биш, харин ч түүнд оролцох замаар байдлыг өөрчилж чадна гэж үзэж байна.
Ижил хүйстэн С.Фрай үүний өмнө сайтдаа Британийн Засгийн газрын тэргүүн, ОУОХ-нд хандаж ил захидал нийтлэхдээ чухам дээрх шалтгаанаар олимпийн наадмыг бойкотлохыг уриалсан. Ижил хүйстнүүдийн эрхтэй холбоотойгоор Орост бий болсон нөхцөл байдлын буруутнаар тэрбээр Ерөнхийлөгч В.Путинийг нэрлэсэн.
Насанд хүрээгүй хүмүүсийн дунд бэлгийн уламжлалт бус харилцааны талаар сурталчлахыг хориглох тухай Холбооны хууль хойд хөршид зургадугаар сарын сүүлчээс үйлчилж эхэлсэн юм. Олон улсад тус хуулийг таагүй хүлээн авч, янз бүрийн орны төлөөлөгчид шүүмжлэхдээ ижил хүйстнийг ялгаварлан гадуурхаж байна хэмээсэн билээ.
Х.ЭНХ