Грекийн нийслэлийн зүүн хойд хэсгийн Амигдалеза хотод хууль бус цагаачдын хуаранд уржигдар үймээн дэгдэж, цагаачид гал тавин, хамгаалалтын алба руу халджээ. Үүний улмаас 10 гаруй хамгаалагч шархадсан тухай АР мэдээлэв. Хууль бусаар суурьшигчдыг хуаранд байлгах хугацааг Грекийн эрх баригчид 1.5 жил болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг тэд ийм маягаар эсэргүүцсэн байна.
Цагаачид хуарангийн эд хогшлыг галдсаны дараа гал унтраах алба, цагдаагийнхан ирж, байдлыг намжаажээ. Цагаачдад үйлчлэх төв нэртэй дээрх байгууллагад 1700 хүн толгой хоргодож буйн дийлэнх нь Ази гаралтай гэнэ. Тухайн үед хуаранд засварын ажил хийж байсантай холбоотойгоор цахилгаан хязгаарлаж, агаар цэвэршүүлэгч, сэрүүцүүлэгч төхөөрөмж ажиллахгүй байжээ. Ойрын өдрүүдэд Грект хэт халж, агаарын температур 35 градус хүрч байгаа юм байна.