АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама есдүгээр сард Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй Москвад хийх уулзалтаа цуцлахаар шийдвэрлэсэн тухай лхагва гаригт Цагаан ордон зарлалаа. Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни “Хоёр талын харилцаа түвэгтэй байгаа нөхцөлд ийм уулзалт хийх нь утга учиргүй” хэмээн тэмдэглэжээ. Эл шийдвэр Америкийн тусгай албадын ажилтан асан Э.Сноуденд Москва түр орогнолын эрх олгосонтой ч холбогдож буйг Ж.Карни онцоллоо. Тэгэхдээ Цагаан ордны тэргүүн Санкт-Петербургт есдүгээр сарын 5-6-нд зохиох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаагүй байна. Дээрх мэдэгдлийн дараа Кремлиэс “Б.Обама хоёр талын уулзалтаас татгалзсанд сэтгэл гонсгор байна. Гэхдээ түүнийг Москвад айлчлахыг урьсан урилга хүчинтэй хэвээрээ байна. ОХУ хоёр талын хийгээд олон улсын харилцааны бүх асуудлаар АНУ-тай хамтран ажиллахад бэлэн” хэмээсэн тайлбар хийжээ.