“Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчдын утасны яриаг нууцаар сонссоны дараа АНУ өнгөрсөн ням гаригт Элчин сайдын хэд хэдэн яамаа хаасан тухай “New York Times” мэдээллээ. Тус бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойших хамгийн ноцтойд тооцогдохуйц алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байсан аж. Өнгөрсөн ням гаригт АНУ 20 гаруй улс дахь Элчин сайдын яам, Консулын газрынхаа үүдийг барьсан билээ. Тэдний дотор Абу-Даби, Амман, Каир, Эр-Рияд, Дахрана, Жидда, Доха, Дубай, Кувейт, Триполи зэрэг хотод байрлах төлөөлөгчийн газрууд багтсан. Үүний дараа Европын хэд хэдэн улс Йемен дэх төлөөлөгчийн газраа түр хааж, Их Британийн Гадаад хэргийн яам тийш зорчихгүй байхыг зөвлөж байгаа аж. Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчдыг АНУ сүүлийн жилүүдэд мөшгиж буй ч хүрэх боломжгүй алслагдмал газарт нуугдаж, алан хядах үйл ажиллагаа төлөвлөсөөр байгаа гэнэ. “New York Times”-т мэдээлснээр АНУ Завахири болон Йемен дэх бүлэглэлийн толгойлогч Насер аль-Вухаяшигийн хооронд өрнөсөн утасны яриаг нууцаар чагнасан аж. Тэд алан хядах ажиллагаа явуулах байгаа онцлоогүй боловч тун ойрын хугацаанд хэрэгжүүлэх тухай хэлэлцэж байжээ. Түүнээс хэдэн долоо хоногийн өмнө америкчууд мөн Завахиригийн мессежийг шалгаж, Йеменд халдлага үйлдэхээр төлөвлөж буй тухай анх мэдсэн байна.