Хиллари Клинтоны амьдралын тухай баримтат кино хийх төлөвлөгөөгөө цуцлахгүй бол АНУ-ын Бүгд найрамдах нам CNN, NBC телевизтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр түншлэхгүй гэдгээ мэдэгджээ. Ардчилсан намын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байгаа бөгөөд CNN телевиз түүний тухай баримтат кино, NBC богино хэмжээний цуврал кино хийхээр төлөвлөөд байгаа билээ. Тиймээс Бүгд найрамдах намын үндэсний хорооны дарга Рейнс Прибус CNN-ийн ерөнхийлөгч Жефф Зукер, “NBC Entertainment”-ийн захирал Роберт Гринблатт нарт хандан захидал илгээжээ.
Тухайлбал, “Улс төрчдөд тал тохой татаж, Төрийн нарийн бичгийн дарга асан Клинтоныг сурталчлах нь мэдээллийн сүлжээний салбарт нэр хүнд бүхий танай компанийг эрсдэлд оруулна” хэмээн тэмдэглэжээ. Энэ сарын 14-нд Бостон хотод эхлэх Бүгд найрамдах намын үндэсний хорооны зуны чуулганаас өмнө дээрх төлөвлөгөөгөө цуцлахгүй бол 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр түншилж, санхүүжилт олгох эсэх асуудлаар хорооны гишүүдийн дунд санал хураалт зохион байгуулна гэдгээ уламжилсан байна.
“NBC Entertainment” дөрвөн хэсгээс бүрдэх “Hillary” богино хэмжээний цуврал кино бүтээж, гол дүрд нь Дайан Лэйн тоглож буй тухай өнгөрсөн сард мэдээлсэн бол CNN телевизийн киноны уран бүтээлийн хэлтэс ч Академийн шагналт найруулагч Чарльз Фергюсонтой хамтран бүтээж буй баримтат киногоо ирэх онд үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байна.