Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи өнгөрсөн бямба гаригт Хассан Роуханиг Ерөнхийлөгч болсныг албан ёсоор зарлажээ. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ираны олон улсаас тусгаарлагдсан байдалд цэг тавихаа амлаж байсан Хассан Роухани өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуульд ялалт байгуулсан билээ. Тэрбээр өчигдөр тангараг өргөж, НҮБ-ын болон өрнөдийн орнуудаас Иранд тавьсан газрын тос, банкны хоригийг цуцлуулахын төлөө ажиллахаа мэдэгджээ. Гэвч АНУ-ын Сенатын 76 гишүүн Исламын бүгд найрамдах Иран улсыг цөмийн хөтөлбөрөө зогсоох хүртэл эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахыг шаардаж, өнөөдөр Ерөнхийлөгч Обамад захидал өргөн барихаар зэхээд буй аж. Тэрхүү захидлын хуулбарыг AP агентлаг олж авсан бөгөөд захидалд “Иран улс цөмийн үйл ажиллагаагаа зогсоотол хориг арга хэмжээгээ улам чангатгаж, түүнд цэргийн хүчин ашиглаж болно гэдгийг үнэмшүүлэх хэрэгтэй” хэмээн дурджээ. Тус улсыг атомын зэвсэг үйлдвэрлэж буй хэмээн АНУ үздэг боловч Иран цөмийн хөтөлбөрөө энх тайвны зорилгоор, тодруулбал, эрчим хүч үйлдвэрлэх, хорт хавдрыг анагаахад ашиглана хэмээдэг билээ. Ерөнхийлөгч Барак Обама Хассан Роуханид боломж олгож, асуудлыг дипломат аргаар шийдэх хүсэлтэй байгаа аж. Цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгоор ашиглана гэдгээ батлахад тэрбээр ирэх хаврыг хүртэл хугацаа олгоод буй аж. Хэрвээ баталж чадахгүй бол АНУ төдийг үй Израиль улс цэргийн интервенц хийж магадгүйг олон улсын ажиглагчид дүгнэжээ.