АНУ-ын Үндэсний аюулг үйн агентлагийн нууц ажилтан байсан Эдвард Сноуденд ОХУ нэг жилийн хугацаатай улс төрийн орогнол олгосны дараа түүнд ажлын саналууд ирсэн тухай “Fox news” мэдээллээ. Тэрбээр Хонконгоос ОХУ-д ирснээсээ хойш “Шереметьево” нисэх онгоцны буудалд бараг зургаан долоо хоног хоргодсон бөг өөд ОХУ-ын Засгийн газар түүнд ирэх оны долдугаар сарын 31-нийг хүртэл амьдрах эрх олгосны дараа тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт тус онгоцны буудлыг орхижээ.
Тэрбээр “Сүүлийн найман долоо хоногийн турш бид Обамагийн засаг захиргаа олон улсын болон дотоодын хууль журамдаа хэрхэн хүндэтгэлгүй хандаж буйг харсан. Эцэст нь хууль яллаа.ОХУ өөрийн хууль болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан орогнол олгож буйд талархаж байна” хэмээжээ. Э.Сноудений өмгөөлөгч Анатолий Кучерена “Одоо тэрбээр ОХУ-д хүссэн газартаа амьдрах боломж бүрдлээ. Хаана амьдрах нь түүний хувийн сонголт” гэсэн байна. Э.Сноудений эцэг Лон Сноуден хүүтэйгээ уулзахаар тун удахгүй ОХУ-ыг зорих аж. ОХУ-д түр орогнож буй ч Э.Сноуден тус улсад хөдөлмөр эрхлэх бүрэн эрхтэй аж. Цагаачлалын асуудлаар мэргэшсэн хуульч Бахром Исмаиловын AP-т мэдээлснээр “Э.Сноуден ОХУ-ын иргэний адил ажиллах бүрэн эрхтэй боловч төрийн алба болон хууль сахиулахын салбарт ажиллахыг хориглоно” гэсэн. Орогнол олгосны дараа ОХУ-ын “Вконтакте” нийгмийн сүлжээний компанийг үндэслэгч Павел Дуров Санкт-Петербург хотод байрлах компанидаа түүнийг мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллуулах санал тавьсан тухай “Moscow Times”-т мэдээлжээ. Гэхдээ түүний хуульч Кучерена Э.Сноуден техник технологийн салбарт ажиллахаас илүүтэй хүний эрхийн төлөө тэмцэх сонирхолтой байгааг нь уламжилсан байна. ОХУ-д орогнохын тулд Кремль түүнээс гагцхүү улс төрийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж буй юм. Э.Сноуденд түр орогнох зөвшөөрөл олгосон нь АНУ, ОХУ-ын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч В.Путиний гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков “Moscow Times”-т мэдээлжээ.
Тэрбээр “Энэ нь улс төрийн харилцаанд нөлөөлөхүйц чухал асуудал биш” хэмээгээд ирэх сард Москвад айлчлах Ерөнхийлөгч Обама төлөвлөгөөгөө цуцлах талаар мэдээлэл одоогоор үгүй байгааг Ушаков онцолсон байна. Гэвч түүнийг нутгаасаа хөөн гаргахыг шаардсан хүсэлтийг үл харгалзан орогнол олгох шийдвэр гаргасанд сэтгэл гонсойж буйгаа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгджээ. Дашрамд дурдахад, Э.Сноудений орогнолыг дахин нэг, эсвэл таван жилээр сунгаж магадгүй байгаа аж. Түүнчлэн иргэншил олгож ч магадгүй нөхцөл үүсээд байгааг “Fox News” тэмдэглэсэн байна.