Х.ЭНХ Ерөнхийлөгч Николас Мадурог хороохоор зэхэж байсан тухай Венесуэлийн Дотоод хэргийн сайд Родригес Торрис уржигдар орой “Tele- sur” телевизээр мэдэгдэв. Долдугаар сарын 24- нд хийхээр товлосон уг халдлагаар Ерөнхийлөгчийг мэргэн бууч буудаж, улмаар стратегийн чухал байгууламж руу дайрахаар төлөвлөөд байжээ. “2013 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн дээрх халдлагын бэлтгэл ажил эхэлсэн. Хуйвалдаанд Колумбын экс Ерөнхийлөгч Альваро Урибе, Гондурасын Ерөнхийлөгч асан Роберто Мичелетти, Кубийн алан хядагч Посада Карильесийн төлөөлөгч болон ТТГ-ын ажилтан оролцсон. Мөн “хэт барууны хүчнүүд”, түүний дотор сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Энрике Каприлес халдлагыг дэмжсэн байна” гэж сайд тэмдэглэжээ. Хуйвалдагчид Колумбын Богота хот, Панам, Майамид уулзаж байсан гэнэ. Харин халдлагыг хэрхэн таслан зогсоосон талаараа Р.Торрис ярьсангүй. Н.Мадурогийн аминд халдахаар завдсан хэргээр зургадугаар сард Венесуэлд Колумбын есөн иргэнийг саатуулсан. Ийм хуйвалдааны талаар Мадуро өөрөө ч удаа дараа мэдэгдэл хийж байв.