Дэлхийн II дайн өндөрлөснөөс хойш 70 шахам жил өнгөрөөд буй эл үед Их Британийн төв банк буюу Английн банк нацистуудад Чехословакаас дээрэмдсэн алтыг нь арилжаалахад тусалж байснаа хүлээв. 1950-иад оны дунд үед холбогдох Английн банкны үйл ажиллагааны тэмдэглэл анх удаа нийтэд ил болсноор түүхийн энэхүү хар хуудас 1939 онд фашист Германы цэрэг Чехословакийг эзэлсэн үед хамаарах нь тодорхой болжээ. Британийн төв банк тэгэхэд Германы Рейхсбанкны төлөөлөгчөөс хүлээн авсан шар металлыг өөр дансанд шилжүүлсэн бөгөөд Чехословакийн төв банкнаас нацистуудын тоносон 200 гаруй алтан гулдмай ийнхүү алга болсон байна. Тэгэхдээ үнэт металлын томоохон хэсэг Лондонд хадгалагдаж байжээ.
Шилжүүлгийг “төв банкуудын Төв банк” гэгдэх Базелийн олон улсын тооцооны төвийн шахалтаар хийсэн агаад Британийн Засгийн газрын улс төрийн байр сууринаас зөрсөн алхам хийхэд хүргэсэн шалтгаан тодорхойгүй. Тухайн үеийн Чехословакт нацистууд цөмрөн орсны дараа Нэгдсэн вант улс дахь тус улсын бүх активийг Лондон царцааж байжээ. Дэлхийн II дайн эхлэхэд Засгийн газар нь “Юуны өмнө дайсанд ашигтай бол Базелийн олон улсын тооцооны банкны заавраар ажиллахгүй байхыг” Английн банкинд шаардаж байв. Тухайн үедээ 5.6 сая фунтээр үнэлэгдсэн Чехословакийн алт өнөөгийн өртгөөр 736 сая фунт (1.1 тэрбум гаруй доллар)-ийн үнэтэй.
1939 оны тав, зургадугаар сард алтыг Рейхсбанкны нэрийн өмн өөс арилжиж, АНУ руу гаргажээ. Базелийн олон улсын тооцооны банк нь дэлхийн I дайн дуусахад Германаас дайны нөх өн төлб өр гаргуулах ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор анх 1930 онд байгуулагдсан байна.
Х.ЭНХ