Францын Канн хотод нээгдсэн үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр зэвсэглэсэн этгээд 53 сая ам.долларын (40 сая евро) үнэ бүхий эрдэнэс дээрэмдсэн тухай CNN мэдээллээ. Өнгөрсөн тавдугаар сараас хойш тус хотод ийм төрлийн хулгай гурав дахиа гарч байгаа бөгөөд энэ удаагийнх ням гаригийн өглөө “Карлтон” зочид буудалд болжээ. Малгайгаа даран өмсөж, ороолтоор нүүрээ далдалсан дээрэмчин үзэсгэлэнг зохион байгуулагч болон зочдыг буудна хэмээн сүрдүүлээд, үнэт эдлэлийг авч одсон аж. Аюулгүй байдлыг сахиулагчид бэлэн байдалд байсан ч зэвсэггүй байжээ. Тавдугаар сард болсон Каннын кино наадмын дараа зочид буудалд болсон үдэшлэгийн үеэр 2.6 сая ам.долларын өртөгтэй (хоёр сая евро) хүзүүний зүүлт, дараа нь зочид буудлын өрөөнд сейфнээс нэг сая ам.долларын эрдэнэс алдагдсан билээ.