Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь санхүүгийн салбарт нөлөөлөхөөс сэргийлж, Хятадын эрх баригчид улсын хэмжээнд Засгийн газрынхаа өрийг хэмжих шийдвэр гаргажээ. Дэлхийн санхүүгийн хямралын дараа тус улсын мужуудын захиргаа эдийн засгийн өсөлт өө хэвээр хадгалахын тулд гадаад, дотоодоос их хэмжээний мөнгө зээлдсэн аж. Хятадын банкны салбарыг зохицуулах хорооны мэдэгдсэнээр 2010 оны эцсийн байдлаар тус улс дахь банкны зээлийн 80 хувь орон нутгийн засаг захиргаанд ногдож байжээ. Тэд зээлийнхээ зарим хэсгийг авто, төмөр зам зэрэг эдийн засгийн хөгжилд нөлөө бүхий дэд бүтцийн төсөлд, заримыг нь үл хөдлөх хөр өнгө, барилгажилтад төвлөрүүлсэн байна. “Тухайн үед хөрөнгө оруулсан төслүүдийн ихэнх нь эргэн төлөгдөхгүй” хэмээн Хонконг дахь “Credit Agricole”-ийн ахлах эдийн засагч Дариуш Ковальчук өгүүлжээ. Одоогоос гурван жилийн өмнөх аудитын дүгнэлтээр Хятадын нийт өр 10.7 их наяд юань (1.7 их наяд ам.доллар) байжээ. Өөрөөр хэлбэл, өр нь ДНБийх нь 25 хувьтай дүйж байжээ. Гэвч шинжээчид үүнийг дутуу тооцоолсон хэмээн шүүмжилдэг аж. “Төрийн зөвлөлийн шийдвэрээр Үндэсний аудитын газар улсын хэмжээнд агентлагууд томилж, Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын өрийн хэмжээг дүгнэнэ” хэмээн үндэсний аудитч олон нийтэд хандан мэдэгджээ.