Мохаммед Мурсийг Ерөнхийлөгчийн суудлаас нь түлхэн унагаснаас хойш Египетэд үймээн самуун намжихгүй байгаа тул АНУ тус улсад F-16 маркийн байлдааны дөрвөн онгоц нийлүүлэх хугацаагаа хойшлуулах болсныг BBC уламжиллаа. Энэ тухай АНУын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Чак Хейгел Египетийн цэргийн захирагч, генерал Абдель-Фаттах эль-Сисид утсаар мэдэгдсэн байна. Египетийн өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн эл шийдвэрийг гаргасан бөгөөд хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй байгааг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жорж Литтл өгүүлжээ. М.Мурсийг огцруулсан нь төрийн эргэлт мөн эсэхийг АНУ судалж байгаа бөгөөд хэрвээ батлагдвал бүхий л тусламжаа зогсоох гэнэ. АНУ жил бүр Египетэд 1.3 тэрбум ам.доллартай дүйхүйц хэмжээний цэрэг, зэвсгийн тусламж олгодог аж. Байлдааны нийт 20 онгоц нийлүүлэхээс наймыг нь өмнө нь олгосон гэнэ. Энэ сарын 11-ний дотор дээрх дөрвөн онгоцыг нийлүүлэх хэрэгтэй хэмээн АНУын албан тушаалтнууд санал нэгдэж байсан ч лхагва гаригт Пентагон эцсийн шийдвэрээ гаргажээ.