“Rolling Stones” яахын аргагүй Америкийн “хамгийн хамгийн” гэх тодотголтой сэтгүүлүүдийн нэг мөн. Уг сэтгүүлийн хавтсанд зургаа хэвлүүлэх нь олон хүний, тэр дундаа нэр хүндтэй дуучдын мөрөөдөл, чин хүсэл нь байдаг. Тэгвэл “Rolling Stones” сэтгүүл шинэхэн дугаарынхаа хавтсыг Жохар Царнаевын зургаар “чимэхээр” шийджээ. Жохар Царнаев болон ах Тамерлан нь гурван хүний амийг бүрэлгэн, 264 хүнийг гэмтээсэн Бостоны марафон гүйлтийн үеэрх дэлбэрэлтийн гол сэжигтнүүд юм. Тамерлан Царнаев баривчилгааны үед цагдаа нарт буудуулж амь үрэгдсэн бол дүү, Жохар Царнаев нь өдгөө шүүх хурлаа хүлээж байна. Энэ удаагийн “Пирс Морганы зочин” нэвтрүүлгээр “Rolling Stones” сэтгүүлийн энэ шийдвэр хэрээс хэтэрсэн, эсэхийг ярилцах болно. Эхний зочин бол Жон Тулмаки юм. Тэрбээр дэлбэрэлтийн дараах аймшгийг хальсан дээрээ мөнхжүүлсэн зурагчин аж.
-Танд “Rolling Stones” сэтгүүлийн шинэ дугаарын хавтас нь таалагдахгүй байгаа гэсэн. Яагаад тэр вэ?
-Бостончуудын хувьд их хүндээр тусах нь ойлгомжтой шүү дээ. Бид дөнгөж л болсон явдлыг мартаж байна. Хохирогчдын гэр бүлд ямар хэцүү байх бол. Түүний зураг “Rolling Stones” сэтгүүлийн хавтсанд хэвлэгдлээ шүү дээ. Терроризмын нүүр царай болж байгаа гэлтэй.
-“The New York Times”, танай сонин ч гэсэн Жохар Царнаевын зургийг гаргаж байсан шүү дээ. “Rolling Stones” юугаараа өөр гэж?
-“Rolling Stones” чинь арай л өөр төрлийн хэвлэл шүү дээ. Таны нэрлэсэн сонинууд түүний зургийг гаргахдаа үйл явдлын мэдээ хэлбэрээр нийтэлж байсан. Жохар Царнаевыг террорист гэдгийг нь мэдэхгүй хүмүүс, хүүхдүүд “Rolling Stones”-ийн энэ зургийг хараад түүнийг рок од гэж ойлгохоор байна.
-Та өөрөө зурагчин хүн. Бостоны марафон гүйлтийн үеэрх дэлбэрэлтийн зургуудын зарим нь нүд халтирмаар л байсан. Гэсэн хэдий ч хэдэн мянган үгээр илэрхийлж боломгүй түүхийг өгүүлсэн учраас олон сэтгүүлийн хавтсанд хэвлэгдсэн. “Rolling Stones” сэтгүүлийнхэн энэ зургаараа хаанаас нь ч харсан энгийн, террорист гэмээргүй хүү хэрхэн ийм аймшигт хэрэг үйлдсэн талаар өгүүлэхийг зорьсон гэсэн. Доторх өгүүлэл нь ч үүнийг тодотгож байгаа юм шиг санагдсан.
-Үнэнийг хэлэхэд доторх өгүүллийг нь би уншаагүй ээ. Надад зургийг нь харахад л хангалттай санагдсан. “Rolling Stones” сэтгүүлийнхэн эвлүүлэг хийгээд ч юм уу, Жохар Царнаевыг хайр татам банди, аль эсвэл рок од мэт дүрслэхгүй байж болох л байсан. Түүнээс гадна яагаад заавал хавтсан дээрээ зургийг нь тавих хэрэгтэй байсан юм бэ. Юу хийсэн гэж тэр вэ? Бостоны марафон гүйлтийн үеэрх дэлбэрэлтэд хоёр хөлөө алдсан охин алхаж сурч байгаа зургийг нь хоёр долоо хоногийн өмнө би авсан. Тэр охины зургийг сэтгүүлийнхээ хавтсан дээр тавихыг нь бол би ойлгож байна. Хавтсан дээр хэвлэгдэх зүйл хийсэн болохоор л тэр шүү дээ.
-Бидэнтэй ярилцаж үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа. Энэ талаар ярилцахаар “NPR News”-ийн сэтгүүлч Дэвид Фолкенфлик манай ярилцлагын өрөөнд хүрэлцэн ирээд байна. Хэвлэл мэдээллийнхэн “Rolling Stones”-ийн талд байгаа ч хэвлэл мэдээллээс хол хүмүүс, тэр тусмаа бостончууд их дургүйцсэн.
-“Rolling Stones” бол голдуу рок оддыг хавтсандаа хэвлэдэг сэтгүүл шүү дээ. Тэгээд ийм маягийн зураг тавьчихаар Жохар Царнаевыг дуучинтай андуурахад их амархан болж байгаа юм. “Times” сэтгүүл Сталин, Гитлерийн зургийг ч тавьж л байсан даа. Гэхдээ “Times” чинь арай л өөр төрлийн сэтгүүл шүү дээ.
-Таны зөв л дөө. Гэхдээ та доторх өгүүллийг нь уншив уу? Тэд хүмүүст таалагддаг, энгийн хүү хэрхэн өөрчлөгдсөн талаар өгүүлж байсан.
-Хүмүүс Жохар Царнаевыг мангас мэт төсөөлөхийг хүсдэг. Тэгсэн чинь “Rolling Stones” зураг, өгүүллээрээ Жохар Царнаевыг хэзээ нэгэн цагт энгийн хүүхэд байсан гэдгийг тодотгосон. Энэ нь ч олон хүний ундууцлыг хүргэсэн байх. Түүнээс гадна “Rolling Stones” сэтгүүлээ уншуулах гэж, илүү олон хувийг борлуулах гэж ийм зураг сонгосон нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийн газруудын хувьд хэцүү үе ирээд байгаа шүү дээ. Би “Rolling Stones”-ийхнийг сайн ойлгож байна. Гэсэн хэдий ч бид Бостоны марафон гүйлтийн үеэрх дэлбэрэлтийг биеэрээ мэдэрсэн бостончуудыг ойлгож, дэмжих хэрэгтэй.
-Таны хэлж байгаатай ихэнх хүн санал нэгдэх байх аа. Өнөөдөр бидэнтэй ярилцсан зочиддоо баярлалаа, үзэгчиддээ талархлаа. Дараагийн дугаараар дахин уулзталаа түр баяртай.
Б.НОМИНТҮШИГ