Хойд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоцонд зэвсэг илрүүлсэнтэй холбоотойгоор Панамын тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын шинжээчдийн комисс Төв Америкийн энэ улсад наймдугаар сарын 5-нд очихоор боллоо. Хэд хоногийн өмнө Панамын эрх баригчдын саатуулсан БНАСАУ-ын “Чхончхонган” хөлөг онгоцны 35 гишүүнээс лхагва гаригт мэдүүлэг авах гэсэн боловч татгалзсан хариу өгчээ. Хөлгийг саатуулсан шалтгаанаа Панамын Ерөнхийлөгч Рикардо Мартинелли хууль бусаар хил давуулах зорилготой контрабандын бараа бий эсэхийг тодруулах зорилготой холбон тайлбарласан юм. Кубийн удирдлага мягмар гаригт мэдэгдэл хийж, уг хөлгөөр тус улсын хуучирч, засвар үйлчилгээнд орсон зэвсэг тээвэрлэж явсныг нотолсон. Тэдний дунд зенитпуужингийн төхөөрөмж, пуужингууд, хөдөлгүүр болон хоёр нисэх онгоц байгаа юм байна. “Чхончхонган”-ы албан ёсны бичиг баримтад элсэн чихэр тээвэрлэж яваа гэсэн юм. НҮБ-ын шинжээчдийн шалгалттай холбогдуулан хөлгийн тээшийг холбогдох газарт нь шилжүүлэн байршуулахад 7-10 хоног орно гэж Панамын Аюулгүй байдлын сайд Хосе Рауль Мулино хэллээ. Тэрбээр Хойд Солонгосын далайчдын ажиллаж байсан нөхцөлийг “хүнлэг бус”, хөлөг онгоцыг “гахайн байр” хэмээн тодорхойлсон байх аж. Дашрамд дурдахад, НҮБ Хойд Солонгост зургаан сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тус улсад өнгөрсөн онд үзүүлсэн тусламж 12.9 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.