Талибуудын халдлагаас амьд үлдсэн, Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Малала Юсафзаи охины амьдралыг Оскарын шагналт найруулагч Дэвис Гуггенхайм кино хальсанд мөнхлөхөөр болсныг “The Guardian” уламжиллаа. Дэлхийн дулаарлын талаар иргэдэд мэдлэг олгох зорилготой АНУ-ын улстөрч, Дэд Ерөнхийлөгч асан Альберт Горын кампанит ажлын тухай баримтат кино хийснээрээ алдаршсан Дэвис Гуггенхайм мөн Америкийн бүх нийтийн боловсролын системийн алдаа дутагдлыг илчилсэн “Супермений хүлээлт” баримтат киног найруулж байжээ. Өнгөрсөн долоо хоногт 16 насны төрсөн өдрөөрөө НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд илтгэл тавьсан Малала Юсафзаи Пакистаны Сват тосгоны охидын боловсролын төлөө тэмцэгч бөгөөд үүнийхээ төлөө өнгөрсөн аравдугаар сард сургуулиа тараад гэртээ харих замдаа зэвсэгт этгээдийн суманд өртсөн билээ. “Би бол Малала” номоо ирэх намар уншигчдын хүртээл болгохоор зорьж буй тэрбээр мөн 2011 оны арванхоёрдугаар сард дөнгөж 15 настайдаа олон улсын хүүхдийн энхтайвны шагналд нэр дэвшсэнээр Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшсэн хамгийн залуу хүнээр тодорсон юм.