Өмнөд Африкийн Претори эмнэлэгт сар гаруй хугацаагаар эмчлүүлж буй Нельсон Манделагийн ач охин Ндилека Мандела сүүлийн үед гэр бүлд нь өрнөж буй асуудалд ихээхэн эмзэглэж байгаагаа BBC телевизэд ярьжээ. Учир нь ноён Манделагийн нас барсан гурван хүүхдийн шарилыг өөр газарт шилжүүлж, дахин оршуулах талаарх маргаан гэр бүлийнх нь 16 гишүүний дунд дэгдсэн аж. Нельсон Манделагийн гурав дахь эхнэр Граса Машел тэдний шарилыг Зүүн Кейп мужийн Күнү тосгонд оршуулахыг хүсэж, энэ сарын 3-нд Дээд шүүхэд ханджээ. Одоогоос хоёр жилийн өмнө Манделагийн ач хүү Мандла Мандела тэднийг анх хөдөөлүүлсэн газраас нь шилжүүлж, өөрийн гэрийн ойролцоо, Күнүгээс 22 км-ийн зайд Мвезо тосгон руу нүүлгэн шилжүүлэхдээ гэр бүлийн бусад гишүүнээсээ зөвшөөрөл аваагүй аж. Нельсон Манделаг нас барахад Мвезод оршуулахын тулд Мандла Мандела тэдний шарилыг нүүлгэсэн хэмээн үзэж буруутгаж байгаа гэнэ. Нельсон Манделагийн том охин нь дөнгөж есөн сартайдаа өөд болсон бол 1969 онд Ндилека Манделагийн эцэг Тембекил автын ослоор таалал төгсөж, 2005 онд Макгато Мандела буюу Мандлагийн эцэг ДОХ-ын улмаас нас баржээ. “Цус уснаас өтгөн гэдэгчлэн энэ асуудал манай гэр бүлийг салгахгүй ч ийм асуудлаар маргалдаж байгаад сэтгэл эмзэглэж байна” хэмээн Ндилека Мандела өгүүлсэн аж.