Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг Femen хөдөлгөөний идэвхтэн Инна Шевченко Францын үндэсний бэлгэдлийн нэгэн жишээ болж, шуудангийн шинэ марк дээр дүр нь мөнхөрлөө. Уламжлал ёсоор залуу бүсгүй Марианнын дүрийг үндэсний бэлгэ тэмдгээ болгодог тус улс үүнийгээ хэд хэдэн эмэгтэйгээр “сэлбэн” шинэчилж буйн эхнийх нь Украины уугуул Инна Шевченко болов. “Le Figaro” мэдээлснээр, шинэ маркийг энэ сарын 14-нд Елисейн ордонд танилцуулсан агаад өчигдр өөс худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Уг дизайны зохиогч нь гэрэл зураг, зураг чимэглэлийн мэргэжилтнүүд болох Оливье Сьяппа (33 настай), Дэвид Кавена (30 настай) нар юм байна. Инна Шевченко долдугаар сард Францад улс төрийн дүрвэгчийн эрх олж авсан. Тэрбээр Киев дэх улс төрийн хавчлагын золиос бологсдын дурсгалд зориулсан загалмайг 2012 оны наймдугаар сард хөрөөдсөн бөгөөд энэ үйлдлийнхээ дараа Парист шилжин суурьшсан байна. Энэхүү үйл ажиллагааг Оросын “Pussy Riot” хамтлагийг дэмжиж хийснээ И.Шевченко мэдэгдсэн юм. Москвагийн Аврагч Христийн цогчин дуганд “панк-мөргөл” үйлдсэнийхээ төлөө дээрх хамтлагийн гишүүн охид хоёр жил хорих ялаар шийтгүүлсэн. И.Шевченко эх орноосоо дүрвэсэн болох нь 2012 оны есдүгээр сард олонд мэдэгдсэн. Үүний шалтгааныг FEMENийнхэн Украины тусгай албад И.Шевченког мөрд өж байсантай холбон тайлбарласан юм. Украин бүсгүй нутаг сэлгэснийхээ дараахан Femen хөдөлгөөнөө Парист албан ёсоор бүртгүүлэн, “идэвхтэн бэлтгэх төв” нээжээ. Тус хөдөлгөөнийхөн нийгмийн шударга бус байдал, ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, цээж нүцгэн жагсаал, цуглаан хийдгээрээ зартай.