Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн Их Британи улсад хийсэн анхны албан ёсны айлчлалынхаа үеэр өчигдөр эл мэдэгдлийг хийжээ. Тэрбээр 2010 оны гуравдугаар сард төрийн эрхийг гартаа авснаас хойш улс төрийн олон зуун хоригдлыг сулласан ч энэ оны эцэст бүгдийг нь чөлөөлөхөө амлаад, энэ нь түүний өрнүүлж буй улс төрийн шинэчлэлийн нэг хэсэг хэмээн өгүүлсэн байна. Тусгай хороог томилж, улс төрийн хоригдол бүрийн хавтаст хэргийг судлуулж байгаа аж. Харин өнгөрсөн жил Мьянмарт айлчилсан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон түүнийг улс төрийн шинэчлэлээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн асуудлыг анхааралдаа авахыг хүсчээ. Өнгөрсөн жил тус улсын Ракхайна мужид будда, лалын шашинтнууд мөргөлдөж, Мьянмарын иргэн байхыг нь хориглосон Рохингья үндэстний лалын шашинтан голдуу 200 гаруй хүн нас барсан билээ. Тейн Сейн худалдаа, цэргийн харилцаагаа өргөжүүлэх зорилгоор Их Британид айлчилсан бөгөөд Өрнөдийн орнуудыг ашигт малтмалын салбарт нь хөрөнгө оруулж, эдийн засгаа өсгөхөд нь туслахыг хүсчээ. Мьянмарт шинэчлэл хийж эхэлснээс хойш Европын холбоо зэвсгийн наймаанаас бусад хоригоо цуцалж, худалдааны түншээр дахин хүлээн зөвшөөрсөн билээ. АНУ ч мөн хоригоо хүчингүй болгосон юм.