Өнгөрсөн бямба гаригт Тайванийг дайрсан “Сулик” хар салхи Хятадыг нөмөрчээ. Цаг уурчдын урьдчилан анхааруулсны дагуу Хятадын зүүн өмнөд эргийн дагуу суурьшдаг олон зуун мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 5500 гаруй цэргийг эл үйл ажиллагаанд дайчилжээ. Бямба гаригийн үдээс хойш “Сулик” хар салхины хурд цагт 118 км-т хүрч, их хэмжээний бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсчээ. 24 цагийн дотор Хятадын зүүн эргийн дагуух мужуудад 18 см (долоон инч) зузаан борооны ус тогтсон байна. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас баасан гаригт Фужоу мужийн “Changel” олон улсын нисэх онгоцны буудлын 140 гаруй нислэгийг цуцалж, хурдан галт тэргийг ч мөн зогсоосон тухай эрх баригчид мэдээлжээ. Гэхдээ хар салхины эрч суларч буйг Цаг уурын агентлагаас нь уламжилсан байна. Одоогийн байдлаар Хятадад 210 сая гаруй юанийн (34 сая ам.доллар) эдийн засгийн шууд хохирол учруулаад буй гэнэ. Тайваньтай харьцуулахад Хятадад уг хар салхины уршиг харьцангуй бага байгааг CNN тодотгожээ. Үүний улмаас Тайваньд хоёр хүн нас барж, нэг хүн сураггүй болсон бол 104 хүн хөнгөн бэртсэн байна. Байшин барилгуудын дээвэр нурж, их хэмжээний бороо орон хөрсний гулгалт үүсчээ. Мөн 350 гаруй нислэг цуцлагдаж, загасчлалын 31000 гаруй завийг боомт руу нь эргүүлэн татаад байна. “Сулик” хар салхинаас гадна үргэлжлэн орсон их борооны улмаас өнгөрсөн долоо хоногт Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хөрсний гулгалт үүсчээ. Түүний уршгаар нас барсан хүний тоо 43-т хүрээд байгааг “Синьхуа” мэдээлэв.