Суданы Дарфур мужид НҮБ-ын энхийг сахиулагчид руу зэвсэгт этгээдүүд халдаж, долоон ажилтны аминд хүрсэн тухай олон улсын мэдээллийн хэрэгслүүд уламжиллаа. Түүнчлэн 17 хүн суманд өртөн шархадсан бөгөөд тэдний хоёр нь эмэгтэй байжээ. Мөн олонх нь танзаничууд байсан тухай НҮБ-ын эх сурвалж мэдээлсэн байна. Арав гаруй жил үргэлжилж буй газар нутаг, байгалийн баялгийн төлөөх Суданы Засгийн газрын хүчин, босогчид, Арабын овог аймгуудын тэмцэл өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хурцадсаар буй бөгөөд энхийг сахиулагчид руу ч халдах нь ихэссэн тухай “Reuters” дамжууллаа. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Суданд энхийг сахиулж буй НҮБ-ын ажилтнууд руу гурав дахь удаагаа халдаж буй нь энэ аж. 2003 онд Дарфур мужид мөргөлдөөн гарч эхэлснээс хойш өнөөг хүртэл 300 гаруй мянган хүн нас барж, гурван сая орчим хүн орон гэрээсээ дайжжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уг болсон хэрэгт гүн эмгэнэл илэрхийлээд Суданы Засгийн газар гэмт этгээдүүдийг илрүүлж, хуулийн дагуу шийтгэнэ гэж найдаж буйгаа мэдэгдсэн байна.