БНСУ-ын “Asiana Airlines” авиакомпанийн “Боинг-777” онгоц бямба гаригт АНУ-ын Сан-Франциско хотод осолдох үеэр 181 хүн шархдаж, гэмтсэн тухай орон нутгийн гал унтраах газраас AFP мэдээлэв. Хятадын Шанхай хотоос хөөрч, Сөүлээр дамжин Сан-Францискод буух нислэгийн хуваарьтай уг онгоц эндхийн олон улсын нисэх онгоцны буудлын буух зурвас руу орох үедээ осолджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч террорист ажиллагаатай холбож үзэх үндэслэл алга гэж ХМТ мэдэгджээ. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, буух зурваст суумагцаа “Боинг-777” хамраараа талбайг хүчтэй мөргөн өлийж, сүүл нь салж унасан бөгөөд удалгүй гал гарч шатаж эхэлсэн байна.
Онгоцонд 291 зорчигч, нисэх багийн 16 гишүүн, нийт 307 хүн явсан агаад зорчигчдын дийлэнх нь (141 хүн) Хятадын иргэн, Өмнөд Солонгосын 77, АНУ-ын 61, Японы нэг иргэн зорчиж явсан аж. Хоёр зорчигч нас барсан нь хоёул БНХАУ-ын харьяат юм байна. Эмнэлэгт хүргэгдсэн 181 хүний 10-ынх нь биеийн байдал хүнд буйг эмч нар мэдээлэв. Ослын дараа Сан-Францискогийн нисэх онгоцны буудлыг хаасан бөгөөд онгоцонд гарсан галыг унтраасны эцэст нисэх-буух хоёр зурвасын үйл ажиллагааг сэргээжээ. Тус буудлаас хөөрөх бүх нислэгийг хойшлуулж, буух онгоцуудыг СанФранцискогоос 30 км зайтай Оклендын буудалд шилжүүлсэн байна.
Сан-Францискогийн нисэх онгоцны буудал ачааллаараа АНУ-даа наймд бичигддэг, жилд 40 сая гаруй зорчигчид үйлчилдэг аж. “Asiana Airlines” 1988 онд үүсэн байгуулагдсан. “Korean Air”-ын хамт Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн гол ачааг үүрдэг тус компани олон улсын 82, дотоодын 12 чиглэлд нислэг үйлддэг ажээ. Зорчигч тээврийн олон улсын “Star Alliance” эвслийн гишүүн. 2010 онд Их Британийн нөлөө бүхий үнэлгээний компани Skytrax-аас таван одтой зэрэглэлийн үнэлгээ авсан дэлхийн шилдэг зургаан авиакомпанийн нэг нь “Asiana Airlines” юм байна.
Х.ЭНХ