Цөмийн зэвсэглэлээс ангижруулах асуудлаар АНУ-тай хийх хэлэлцээнд Вашингтон ямар нэг урьдчилсан болзол тавиагүй тохиолдолд оролцоно гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун Брунейн нийслэл Бандер-Сери-Бегаванд мэдэгдэв.
Энд зохиож буй Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны уулзалтын үеэр сайд Пак Ы Чун “Солонгосын хойгт өсөн нэмэгдэж буй хурцадмал байдлыг таслан зогсоож, энх тайван, аюулгүй байдлыг хангахыг АНУ үнэнхүү сонирхож байгаа бол бидний чин санааны, зоримог шийдвэрт (хэлэлцээ хийхийг санал болгож буй) эергээр хариу өгөх ёстой” хэмээн тэмдэглэснийг орон нутгийн цахим хэвлэл өчигдөр мэдээллээ.
Брунейд мөн очоод байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэлэлцээ эхлүүлэх зөвшөөрлийг Вашингтоноос сонсохын тулд Хойд Солонгос эхлээд цөмийн зэвсгээс ангижрах замд идэвх санаачилга гаргах учиртай” гэж онцолсон байна