Аливаа улс орон төрийн удирдагчдынхаа зуршил, үлгэр жишээн дээр үндэслэсэн уламжлал заншилтай байх нь бий. ЗХУ-д Сталин Ерөнхий нарийн бичгийн дарга болсон 1922 оноос Брежнев амьсгал хураасан 1982 он хүртэл (энэ хооронд Хрущевийн төр барьсан найман жилийг хасна) эрх баригчид нь тамхи татдаг хүмүүс байжээ.
Харин Ленин тамхи татдаг байсан эсэх нь одоо хэр тодорхой бус. Дэлхийн хөдөлмөрчдийн удирдагчийн муу зуршлын талаар ердөө хоёр удаа дурдсан байдаг нь суртал нэвтрүүлгийн зорилгоор санаанаасаа зохиосон байхыг ч үгүйсгэмгүй. Сонгодог таамгаар бол залуу Володя Ульянов 1887 онд анх түүнийг (папирос тамхи, амандаа зуужээ. Тэгээд бараг л тэр дороо хаясан аж. Кремлийн пулемётчийн анхны курсийн сурагч асан Федор Солодов “Владимир Ильич Лениний тухай хүүхдүүдэд” номдоо жолоодогч банз өргөлцөөд явж байдаг 1920 оны тавдугаар сарын 1-ний домог болсон субботникийн тухайд “Түр амсхийх зуур бүгд банзан дээр сууцгаав. Владимир Ильич ч суув. Бид тамхиллаа. Ильич бидэн рүү харснаа,
-Энэ тамхинд ер сайн юм юу байна аа. Тамхи чинь хор шүү дээ. Эрүүл мэндэд чинь муу гэхээр нь бид,
-Владимир Ильич, та ер тамхи сорж байсан уу гэвэл
-Залуудаа бас ч зүгээр байгаагүй. Тэгээд хаясан, дахиж татаагүй” гэсэн байдаг.
Хэдэн жилийн дараа Михаил Зошенко социализмын үеийн хүүхдэд зориулсан гол ном гэгдэж байсан “Лениний тухай өгүүллэгүүд”-дээ Лениний тамхи татсан тухай сэдвийг уран сайхны аргаар хөндсөн байдаг. “Ленин 17 настайдаа тамхи татаж эхэлжээ. Тэрбээр оюутан болсон байв. Оюутнууд тамхи татдаг. Тэд нэгэнт насанд хүрсэн хүмүүс. Тийм болохоор түүнийг тамхи татахад гайхах юм ер байхгүй. Хэрэв 12 настай жаахан хүү тамхи татсан бол аймаар юм. Нэг өрөөнд орж хаалгаа түгжээд ярьж, маргалдаж, тэгж байхдаа уурын тэрэг шиг утаа баагиулж гарна. Ленин ч тамхинд дассан юм”.
Лениний ээж Мария Александровна энгийн охин байв. Тамхи хортойг тэр сайн мэднэ. Тиймээс хайртай хүү нь тамхинд орсонд дургүй байлаа. Тэгээд энэ муу зуршлаасаа салахыг гуйдаг байв. Нэг удаа
-Эцгийн чинь өөд болсны дараа авах болсон тэтгэмжээр бид амьдарч байна. Тэр тэтгэмж бага. Аливаа илүү зардал болгон амьдрал ахуйд нөлөөлнө. Чиний татдаг пүүшиг хямдхан ч гэлээ чи татахаа больчихвол бидний амьдралд хэрэгтэй шүү дээ гэж хэлжээ. Ээжийнхээ ийн хэлэхийг сонсоод Владимир Ильич “Уучлаарай ээж минь, би энэ тухай ер бодсонгүй. Өнөөдрөөс би тамхийг хаялаа гэж хэлээд халааснаасаа тамхиа гаргаж ирээд ширээн дээр тавив. Түүнээс хойш тамхинд гараа хүргэсэнгүй”.
Харамсалтай нь, хувьсгалын удирдагчийг 53 настайдаа амьсгал хураахаас тамхи татахаа больсон нь аварч чадсангүй. Гэтэл түүнийг залгамжилсан хүн тамхиа татсаар 74 насыг элээсэн.
Сталин бараг тавин жил тамхи татсан, үүнийгээ ч нуудаггүй байжээ. “Ард түмний удирдагч” гаансанд “Герцеговина флор” гэдэг тамхийг хийж татдаг байсан. Энэ талаар олон хүн дурссан байдаг. 1944, 1948 онд Сталинтай уулзаж байсан Югославын Дэд Ерөнхийлөгч асан Милован Жилас “Сталинтай хийсэн яриа” гэх номдоо “Энэ бол фото зураг юм уу баримтат киноноос үзэж байсан алгуур бодолхийлэн алхдаг, гараараа дохидог тэр эрхэмсэг Сталин биш байлаа. Тэрбээр нэг ч агшин айвуу тайвуу байхгүй. Английн “Данхилл” фирмийн цагаан цэгтэй гаансаараа байнга оролдоно.
Энэ гаансыг би Волынскод байдаг Ойрын гэх зусланд харсан юм. Үнэн хэрэг дээрээ Сталинд гадаад, дотоодод хийсэн маш олон гаанс байсан. Тэднээс нэлээдийг нь олон түмэнд үзмэр болгон дэлгэн тавьсан. Тухайлбал, Наполеоны толгойг дүрсэлсэн гаансыг Унгарын коммунистуудын удирдагч Мотьяш Ракоши Ерөнхий нарийн бичгийн даргад бэлэглэсэн байв. Зангидсан гарыг дүрсэлсэн гаансыг бөөнөөр хорих лагерьт амиа алдсан фашизмыг эсэргүүцэгч Виктор Гридонийн гэр бүл бэлэглэсэн байлаа. Нэрд гарсан нисэгч эмэгтэй Марина Раскова, Валентина Гризодубоватай хамт Сталинтай уулзахдаа түүнд далайн морины ясаар хийсэн гаанс бэлэглэснээ дурссан нь бий. Түүнчлэн гадаадын “Peterson”, “Сhasom” ба “Savinelli” фирмийн хийсэн гаанс ч Сталинд байсан аж.
Үнэн хэрэг дээрээ бол Сталин зөвхөн гаансаар л тамхи татдаггүй байжээ. Хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь ярьснаас үзвэл тэрбээр өөрийн оронд үйлдвэрлэсэн болон Болгарын пүүшиг, хайрцагтай задгай тамхи ч татчихдаг байж. Гаванын навчинд ороосон тамхийг хугалж, үйрүүлж байгаад навчтай юутай хээтэй нь гаансандаа чихэж орхидог байсан гэдэг. Задгай тамхин дотроос Америкийн “Edgewood Sliced”-ийг илүүд үздэг байв. Болгарын коммунистуудын удирдагч Георгий Дмитров 1936 онд ийм тамхи Америкаас авчирч их удирдагчид өгч байжээ. Энэ бэлгэнд Сталин ихэд баярласан ч “Эмч нар гаансаар тамхи татахыг хэдий болтол зөвшөөрөх юм бол доо” гэж байсан аж.
Зөвлөлтийн ахмад дипломатч, Сталины гарын хэлмэрчдийн нэг байсан Валентин Бережков 1943 онд Тегеранд болсон бага хурлын үеэр Сталин гаанс хэрэглэхгүй, нөгөө “Герцеговина флор” хэмээх пүүшигээ татаж байсан тухай дурсаж байсан аж. Светлана Аллилуевагийн дурсан ярьснаас үзвэл эмч нарын хориглосноор 1952 оны эцсээс Сталин тамхинаас гарсан аж. Түүнийг тамхичин байсныг гэрчлэх нэг баримт “Сталины Ойрын зуслан” гэдэг түүхэн лавлахад байдаг юм. Үнсний сав, гаанс, пүүшиг, янжуур, задгай (ороодог) тамхи зуслангийн байрны өрөө бүрт, түүгээр ч барахгүй Сталин маш ховор ордог хоёрдугаар давхрын өрөөнүүдэд ч байдаг байсан гэдэг.
Үнэндээ бол Зөвлөлтийн Төрийн хоёрдугаар хүн болж явсан анхны маршал, Батлан хамгаалахын ардын комиссар, Улс төрийн товчооны гишүүн, Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга байсан Климент Ворошилов тамхийг үзэж чаддаггүй нэгэн байж. Тэгэхдээ бас тамхи сорж саваагүйрхдэг байсан тухай нь сонсогддог байв. Тэрбээр спорт оролддог, үүн рүү хүмүүсийг уруу татдаг, амьдралын эрүүл хэвшилтэй хүн байсан аж. Тэгтэл жижигхэн байхдаа хэн их тамхи татахаа үеийнхэнтэйгээ үзэх гэж байгаад ухаан алдсан гэсэн яриа байдаг. Харин түүнээс хойш тамхинд гараа ч хүргээгүй гэж ЗХУ-ын баатар, социалист хөдөлмөрийн баатар маршалын намтрыг судлаачид нотолдог.
Хожим нь маршал болчихоод байхдаа нэгэн үйлдвэрээр явж байснаа Климент Ефремович хамт байсан хүмүүсээсээ салан тамхи татаж буй эмэгтэй дээр очсон байна. Эмэгтэй “Амьдрал сайнгүй болоод л тамхи татаж байна даа” гэхэд нь маршал “Тамхиа хаявал танд тусална” гэж хэлсэн гэдэг. Ер нь Ворошилов тамхичидтай тэмцэж байсан тухай баримт олон бий. Гэтэл урьд нь олон түмний хараанд өртөөгүй нэг фото олджээ. Түүн дээр Сталин гаанстайгаа, Ворошилов пүүшиг зуучихсан байв. Энэ зургийг 1935 оны наймдугаар сард ЗХУ-ын Агаарын цэргийн флотын өдөрт зориулсан парадын үеэр авсан аж. Тэгэхээр маршал маань нэлээд хожуу ч тамхи сорчихдог л байсан байж таарах нь.
Брежневийн үед оросууд тамхи татах нь ихэссэн гэж үздэг. Чухам түүний үед 1975 онд ЗөвлөлтАмерикийн сансрын хамтарсан нислэгт зориулж “Союз-Аполлон” гэдэг тамхи үйлдвэрлэсэн. Тухайн үедээ энэ тамхи харьцангуй үнэтэй (1.5 рубль) байсан ч хүмүүс их авдаг байв. Брежнев бүр залуугаасаа тамхи татжээ. Түүний хүргэн асан Юрий Чурбанов дурсахдаа “Леонид Ильич нэлээд эрт, бодвол дайны үеэс тамхи татсан биз, Тэрбээр “Новость”, “Краснопреснеские” гэдэг тамхийг татна. Эмч нар тамхи татахыг нь хориглосон үед хамгаалалтынхан, хамт ажилладаг хүмүүс, ойр дотнынхноосоо тамхи гуйна. Бид нэгэнтээ “Лужники”-д хоккей үзэж байтал завсарлагаанаар тэрбээр “Юра, тамхи байна уу” гэлээ. “Байна”. “Надад нэгийг өгөөч”. Миний өгсөн “Кент”- ээс нэгийг аваад асааж сорсноо “Юра, чи энэ тамхийг битгий татаж бай” гэлээ. Утааны нь үнэр эвгүй байсан юм уу, эсвэл хэт зөөлдсөн ч байж магад. Түүнээс хойш би нэг халаасандаа “Столичные” хийж явах болсон” гэсэн байдаг.
Брежнев ер нь хүссэн газраа л тамхиа татдаг зуршилтай байв. Өнг өрсөн зууны 70-аад онд спортын ордонд бүү хэл шоронд ч тамхи хориглодог болсон байв. Яг тэр үед “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд томчууд тоглолт үзэж байхад Зөвлөлт засгийн үеийн нэрд гарсан шүүгчтайлбарлагч Валентин Валентинов “Хүндэт нөхөд өө, манай энэ ордонд тамхи татахыг хориглодог” гэж хэллээ. Брежнев ер жишим ч үгүй 12 мянган үзэгчийн нүдэн дээр алтан асаагуураар тамхиа асаан татаж эхлэв. Түүний хамгаалалтын албаны орлогч дарга Владимир Медведевийн дурссанаар Брежнев тэр үед “Энэ ч бидэнд хамаагүй” гэж хэлсэн гэдэг. Тэгээд хамгаалалтын албаныхан Валентин Валентиновт ойртож очоод Брежневийг энд байхад ийм үг хэлэхээ болихыг сануулахаас аргагүй болсон аж.
Тэгэхдээ Брежнев сүүлдээ тамхи татахаа больсон. Гэлээ ч хамгаалагчдаа өөрийн нь ойр зогсож тамхиа татахыг гуйдаг болсон байна. Хурал зөвлөлгөөн хийж байхад ч хамгаалагчид нь түүний ард ойр сууж тамхилдаг болжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга заримдаа яриа хэлэлцээний үед илт тавгүйтэж, хажууд нь суугаа тамхи татдаггүй Громыко, туслах Александров Агентов нар руу харснаа хэлмэрч Суходрев руу хандаж “Витя, чи чинь тамхи татдаг шүү дээ. Тамхиа тат” гэдэг байж. Суходрев тамхиа асаан утааг цааш нь үлээхэд Брежнев “Үгүй, чи утаагаа над руу...” гэдэг байв. Олон улсын яриа хэлэлцээн дээр ширээний эхэнд хэлмэрч нь суучихаад улаан цайм тамхи баагиулах төдийг үй утааг улсынхаа төлөөлөгчдийн тэргүүн рүү үлээж сууна гэдэг арай хэтэрч байгаа биз. Брежневийн дараа төрийн жолоон дээр архаг өвчтэй, тамхи татах нь битгий хэл хүмүүс ирсэн. Юрий Андропов, Константин Черненко нар тамхи татдаггүй байсан. Борис Ельцин тамхичин биш байлаа. Тэднээс хамаагүй эрүүл биетэй Михаил Горбачёв ч татдаггүй байв. Путин бас ялгаагүй.
Р.ЖАРГАЛАНТ