Газар нутгийн хэмжээгээрээ манай нэг аймгаас жижиг ч дэлхийн хамгийн баян улс бол Бруней буюу Энх амгалангийн орон. Хойгуураа өмнөд Хятадын тэнгис, бусад хэсгээрээ Малайзтай хиллэдэг энэ улс хэмжээт эрхт эзэн хаантай. Их Британиас тусгаар тогтноод дөнгөж 29 жил болж байгаа ч хөгжлийн индексээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг. Бруней улс 5570 ам.км нутаг дэвсгэр, 402 мянган оршин суугчтай, лалын шашинтай. Албан ёсны хэл нь малай боловч Их Британийн колони байсан учир англиар ярьдаг хүн олон. Мөнгөн тэмдэгт нь бруней доллар. Нийслэл хот Бандар Сери Бегаван нь манай нэг дүүргээс ч жижиг буюу 16 ам. км газар нутагтай гэнэ. Хөрсний үржил шим муутай, намгархаг нутагтай ядруухан арлын улсад гэнэт аз таарч газрын гүнээс шавхагдашг үй хар алт ундарснаар хэмжээлшгүй баян болжээ. Нэг хүнд ногдох ДНБ нь 35 мянган бруней доллар бөгөөд иргэн бүрт үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Азтай орны залуус гаднын улсад сурахдаа төрөөс буцалтгүй тусламж авдаг. Хүн амынх нь 10 хувь нь ядуу. Иргэд нь ажил хийлгүй, улсын тэтгэмжээр хангалуун амьдрах боломжтой гэнэ.
Борооны улиралд очих тохиромжгүй
Үлгэрийн орноор аялахаар шийдсэн бол шүхэр, борооны цуваа мартуу зай. Экваторын халуун бүсэд орших Бруней мөнхөд ногоон, халуун учир чийглэг, хуурай гэсэн хоёрхон улиралтай. Аялахад хамгийн тохиромжтой нь гурав, дөрөвдүгээр сар бол жилийн төгсгөлд борооны улирал тохиож аялагчдад тухгүй байдаг аж. Тэд хоёрдугаар сарын 23-нд тусгаар тогтнолын баяраа, долдугаар сарын 15-нд Султаны төрсөн өдрийг тэмдэглэдэг.
Такси, автобус ховор
Арлын диваажинг үзэхээр нэг жилд ирдэг жуулчдын тоо хүн амаас нь гурав дахин их. Тиймээс эртнээс буудлаа захиалах хэрэгтэй. Монголчууд Сингапур, Куала- Лумпур, Хонконг, Банкгок, Шанхайгаар дамжин тус улсад онгоцоор очих боломжтой. Хамгийн хямд, найдвартай нислэг нь “AirAsia” компанийнх гэнэ. Нисэхийн өмнө түр саатвал гайхах хэрэггүй. Учир нь тэд аян замдаа аюул осолгүй, зорьсон газраа саадгүй хүргэж өгөхийг бурхнаас гуйн залбирал үйлддэг заншилтай. Брунейн нисэх буудлаас 20 минут яваад нийслэл Бандар Сери Бегаванд хүрнэ. Таксигаар зорчиход 25 бруней доллар байдаг бол автобусаар очиход нэг доллар аж. Гэхдээ баян тансаг энэ улсын төрөөс иргэддээ хангалттай тэтгэмж өгдөг учир такси, нийтийн унаа тун ховор. Залуус сүүлийн үеийн “Ламборжин”, “Бенз” хөлөглөн давхих нь энд энгийн үзэгдэл. Хотын хэмжээнд ердөө 40 орчим такси байдаг бөгөөд км нь гурван бруней доллар гэнэ. Энэ манайхаар 3500 төгрөг. Харин газраар явах бол Малайзаар дамжин очих боломжтой.
Алтан суултууртай султаны ордон
Өвөрмөц загвартай барилга элбэг нийслэлд султаны ордон “Истана Нурул Иман” хамгаас үзэсгэлэнтэй нь. Үлгэр дээр гардгийн адил үнэт чулуугаар шигтгэсэн энэ ордон 60 ам.метр газрыг хамарна. Уг ордон 1788 өрөө, 1400 машины гарааш, алтаар бүрсэн суултуур бүхий 200 угаалгын өрөө, 18 цахилгаан шаттай. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төрийн тэргүүнүүд, баячуудын өгсөн алтан ганжир сэлэм болон хааны цуглуулгын уран баримал, зураг гээд 500 сая ам.долларын үнэ бүхий ховор нандин бэлэг дурсгал, үзмэр ордонд байдаг гэнэ. Лалын шашинтнуудын Рамадан сарын баяраар ордны хаалга иргэдэд нээлттэй аж.
Бруней иргэд архи уудаггүй
Бруней улс лалын шашинтай учир шөнийн цэнгээний газар, архидалт гэж үгүй. Хотын шөнө нам гүм. Мусулман шашинг үй хүн эсвэл жуулчид насанд хүрсэн бол нэг литр дарс авахыг зөвшөөрд өг аж. Энд хятад, малайз, энэтхэгийн хоол элбэг. Карритай үхрийн мах, будаатай шарсан тахиа бүхий насси каток нэртэй хоол хамгийн алдартай нь гэнэ.
Дэлхийн хамгийн тансаг зочид буудал энд бий
Баян орон гэхэд зочид буудал нь боломжийн өртөгтэй аж. Хамгийн хямд буудал нь хоногийн 20 бруней доллар бол дундаж нь 35. Харин тансаг буудлын үнэ 100 бруней доллараас эхэлнэ. “Empire” хэмээх дэлхийд гайхагдах тансаг зочид буудал энд бий. Нийслэлээс холгүй, далайн эргийн ойролцоо энэ эзэнт гүрэн сүндэрлэдэг аж. Уг буудлыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 200 архитектор, инженер 2.7 тэрбум бруней долларын хөрөнгөөр босгожээ. 17 цогцолбороос бүрдэх буудал 180 га газартай. Барын нүд чулууг шигтгэсэн шат, итали гантиг мозайкан шал, брэндийн тавилга, 24 каратын алтаар чимэглэсэн суултуур, гурван сая бруней доллартай тэнцэх үзмэрүүд “Empire”-г дэлхийн хамгийн тансаг зочид буудал болгожээ. Зочдод зориулж долоо хоног бүр хөтөлбөрөө сольдог бөгөөд 18 нүхтэй гольфын талбай, усан парк, спортын цогцолбор, кино театраар үйлчлүүлж, далайн гүнд аялан усан дээр цанаар гулгаж, тэнгэрээс шүхрээр бууж жинхэнэ адал явдлыг мэдрэх боломжтой аж.