Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Вена хотын нисэх онгоцны буудалд байгаа. Харин түүнтэй хамт АНУ-ын тусгай албадын ажилтан асан Эдвард Сноуден яваагүй хэмээн Австрийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлэв. Франц, Португалын эрх баригчид лхагва гаригт шилжих шөнө Э.Моралесын онгоцыг агаарын хилээрээ нэвтрүүлж, нисэх онгоцны буудалд газардах зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Үүний улмаас Москвагаас хөөрснөөс хойш гурван цаг гучин минут агаарт ниссэн уг хөлөг Австрийн нийслэлд буухаас өөр аргагүйд хүрсэн нь тэр аж. Мөн Итали ч Боливийн Төрийн тэргүүний онгоцыг агаарын орон зайдаа оруулахыг хүсээгүй гэдгийг “WikiLeaks”-ийн төлөөлөгчид “Твиттер” дэх блогтоо мэдээлжээ. “Ерөнхийлөгч Моралес Ла-Пас руу лхагва гаригийн үүрээр ниснэ” гэж Австрийн ГХЯ-ны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Шалленберг мэдэгдсэн байна. Португал, Францын удирдагчдын гаргасан дээрх шийдвэр Боливийн лидерийн амь насанд аюул заналхийлсэн хэмээн тус орны эрх баригчид мэдэгдэж, “асар том доромжлол” гэж тодорхойллоо. Энэ явдалтай холбоотойгоор Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбооны ээлжит бус уулзалтыг зарлан хуралдуулахыг Боливийн Гадаад хэргийн сайд шаардсан байна.
Э.Моралесын онгоцны нислэгийн хөдөлгөөнд хориг тавьсан уг алхам Ерөнхийлөгчийн онгоцонд ТТГ-ын экс ажилтан Эдвард Сноуден байж болзошгүй гэж болгоомжилсонтой холбоотой байж мэднэ гэж Боливийн хэвлэлүүд дамжуулж байна. Иргэд, улстөрчдийг өргөн хүрээнд тагнаж чагнасан талаарх АНУ-ын тусгай албадын нууц баримт бичгийг олон нийтэд задруулсан Э.Сноуден зургадугаар сарын 23-наас хойш Москвагийн олон улсын нисэх онгоцны “Шереметьево” буудалд түр толгой хоргодож буй. Учир нь экс тагнуулчийн Америкийн паспортыг хүчингүй болгосон юм. Э.Моралес Москвад байгалийн хий экспортлогч орнуудын чуулганд оролцоод харих замдаа ийнхүү хэлмэгдсэн аж. Сноуден улс төрийн орогнолын эрх хүсэж 20 орчим орны Засгийн газарт хандсан тухай “Өнөөдөр” өмнө мэдээлсэн.
Одоогоор эл хүсэлтэд Австри, Бразил, Ирланд, Испани, Финлад, Норвег, Польш, Швейцарь, Энэтхэг татгалзсан хариу өгөөд байгаа бол Боливи, Исланд, Итали, Хятад, Куба, Голланд, Никарагуа Америкийн иргэний өргөдөлд ямар нэг хариу хэлээгүй байна. “Босуул” эрд улс төрийн орогнолын эрх олж авах боломж улам бүр хумигдаж байна гэж эндээс дүгнэж болохоор байна. “The Wall Street Journal”-д “Венесуэл, Боливи, Итали гэсэн гурван орон л онолын хувьд уг хүсэлтийг хүлээн авахад бэлэн байна” гэж бичжээ. Москвад дөнгөж сая айлчилсан Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро өмнөх Төрийн тэргүүн агсан У.Чавесын дурсгалд зориулсан үдэшлэгт оролцохдоо “Дэлхийг бүхэлд нь хяналтдаа авах гэсэн тэр хүмүүсийн эсрэг Сноуден гавьяа байгуулсан” гэж тодорхойлсон байна.
Бас “босуулыг” эх орондоо хүлээн авах эсэхийг ард түмэнтэйгээ зөвлөж байж эцэслэн шийдэхээр ам гарчээ. Тэгвэл Боливи Сноуден хүсэлтээ тавибал орогнол олгох боломжийг авч үзнэ гэдгээ илэрхийлж, Италийн удирдлага хүсэлтийг нь судалж байна гэж мэдэгдсэн байна.
Х.ЭНХ