Эцэг, эхээсээ тусдаа амьдардаг насанд хүрсэн иргэдийг тэднийгээ заавал эргэж очих, эс тэгвэл торгох, цаашилбал шоронд хорих хүртэл арга хэмжээ авахаар БНХАУ-д даваа гаригаас хэрэгжиж эхэлсэн Ахмадын эрхийн тухай хуульд тусгажээ. Түүний зэрэгцээ шинэ хуульд зааснаар хүүхдүүд нь эцэг, эхээ асрах ёстой бөгөөд тэднийг үл ойшоох, хүйтэн хөндий харьцахыг хориглосон байна. Гэвч хуулийн хэрэгжилтийг хэн хянах нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүний зэрэгцээ “Иргэн бүр эцэг, эх дээрээ тогтмол очиж, асрах ёстой” хэмээн зааснаас бус ямар давтамжтай очих зэрэг нарийн асуудлыг дурдаагүй тул Хятадын интернэтийн олон арван мянган хэрэглэгч уг хуулийг шүүмжилж буй гэнэ.
Харин Бээжин хотын “King & Capital” фирмийн хуульч Чжан Янь Фэн уг хууль нь олон нийтэд зөвхөн зөвлөмж болгох зорилготой хэмээгээд, энэ төрлийн цогц хуулийн зөвхөн эхлэл нь болохыг тайлбарлажээ. Тэрбээр “Энэ хуулийг амьдралд хэрэглэхэд түвэгтэй ч боломжгүй зүйл биш” гээд, “Уг хуулийн заалтыг хүүхэд нь зөрчөөд энэ хэрэг шүүхэд шилжвэл эвлэрлийн зарчмаар шийдэх боломжтой. Түүний зэрэгцээ тухайн иргэн өндөр настай эцэг эх дээрээ сард хэдэн удаа очихыг шүүхийн шийдвэрээр тогтоож өгөх юм” гэснийг BBC тэмдэглэв. БНХАУ-ын Засгийн газрын мэдээлэлд дурдсанаар 2010 оны байдлаар тус улсад 60 болон түүнээс дээш насны 178 сая хүн бий аж.
2030 он гэхэд эл үзүүлэлт хоёр дахин өсөх тооцоо гарчээ. Тэдгээр ахмад настныг хэрхэн асрах тухай асуудал Хятадад сүүлийн үед нэлээд дэгдээд байгаа бөгөөд өмнөд хэсгийн Зянсу мужид 91 настай иргэн бэрээсээ нэг аяга будааны агшаамал гуйсныхаа төлөө зодуулж, гэрээсээ хөөгдсөн хэрэг гарсан нь уг хуулийг санаачлах үүтгэл болсон байна.