Италийн санваартан Нунзио Скараног авлига, луйврын хэргээр баривчилснаас гурван хоногийн дараа буюу өчигдөр Ватиканы банкны ерөнхий болон орлогч захирал нь огцорлоо. Паоло Чиприани, Массимо Тулли нар огцрох өргөдлөө өнгөрсөн даваа гаригт өгсөн бөгөөд тэд үүнийгээ Ватиканы банк болон католик сүмийн сайн сайхны төлөө хийж буй алхам хэмээн тайлбарлажээ.
Өдгөө 61 настай, Италийн өмнөд хэсгээс гаралтай Нунзио Скарано 20 сая евро (26 сая ам.доллар) хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан аж. Тэрбээр Ватиканы APSA буюу Сүмийн өв хөрөнгийн удирдах газарт ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажиллажээ. Өдгөө түүнийг сүмийн хандив нэрээр чек үйлдэж, Ватиканы банкнаас удаа дараа их хэмжээний мөнгө хууль бусаар шилжүүлсэн хэрэгт сэжиглэн шалгаж буй юм байна.
Олон арван жилийн турш мөнгө угаах гэмт хэргийн үүр болсон Ватиканы банкийг хянан шалгах комиссыг Ромын пап Фрэнсис өнгөрсөн долоо хоногт томилсон билээ. Үйл ажиллагаа нь хамгийн нууцлагдмал, хаалттай байдаг тус банк 114 ажилтантай бөгөөд нийт хөрөнгө нь 5.4 тэрбум евротой дүйх аж.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ