Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурсийн дэмжигч, эсэргүүцэгчдийн хооронд даваа гаригт шилжих шөнө болсон мөргөлдөөнд 200 хүн шархдан, дөрвөн хүн амь үрэгдсэн болохыг “Rеuters” тус орны хууль сахиулах байгууллага болон эмнэлгийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан, сөрөг хүчний зохион байгуулсан уг жагсаалын талаар “Өнөөдөр” өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Нийслэл Каирын өмнөдөд байрлах Бени Суйеф хотод нэг хүн, үлдсэн гурав нь мөн л өмнө зүгийн Асьют хотод амь үрэгдсэн агаад гудамжинд болсон үймээн, зодооны дараа 174 иргэн эмнэлгийн тусламж авахаар ханджээ.
Ерөнхийлөгч Мурсийн талын “Лалын ахан дүүс” исламын хөдөлгөөний төв байр руу хэдэн зуун хүн дайрч, барилга руу чулуу, шатамхай шингэн бүхий лонх нүүлгэсний хариуд байшин дотроос гал нээсэн гэж “Guardian” мэдээлэв. Тахририйн талбайд анхлан цугласан Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид өдгөө Төрийн тэргүүнийхээ өргөөний гадна цуглараад байгаа гэнэ. М.Мурсийг суудлаа орхиогүй байгаа цагт тэмцлээ зогсоохгүй байхыг Египетийн сөрөг хүчний лидерүүд жагсагчдад уриалжээ. “Франс пресс” цэргийн эх сурвалжаас иш татсанаар бол, гудамжны тэмцэлд Мурсийн талын 25 мянга, эсэргүүцэгчдийн төлөөлөл сая сая хүн нэгдээд байгаа аж. “Египетийн түүхэнд ийм өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байсан удаагүй” хэмээн дээрх эх сурвалж тодотгосон ч үүнийг эрх баригчид албан ёсоор нотлоогүй байна.
Ерөнхийлөгч Мурсийн тангараг өргөсний нэг жилийн ойд дээрх маягаар хатуухан бэлэг барихыг урьдчилан таамаглаж, эрх баригчид Египетийн хотуудад аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч, Засгийн газрын байруудад хамгаалалт гаргасан байна. 2011 оны хувьсгалын дараа төрийн эрх баригчийн ширээнд заларсан Мурсийг сөрөг хүчин улс орноо исламжуулж, авторитар дэглэм тогтоож байна гэж буруушааж буй. Зургадугаар сарын 30-ны жагсаалыг санаачлагч сөрөг хүчний залуу чуудын “А-Тамарруд” хөдөлгөөний мэдэгдэлд мягмар гариг гэхэд бүрэн эрхээсээ татгалзан, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд бэлтгэх боломжийг төрийн байгууллагуудад олгохыг” Төрийн тэргүүнд шаардсан байгаа аж. Уг шаардлагыг хэрэгжтэл дунд нь ямарваа яриа хэлэлцээ хийхийг сөрөг хүчин хүссэнгүй. М.Мурсийг буулт хийхээс татгалзвал орон даяар бүх нийтийн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаа дээрх хөдөлгөөний удирдлага мэдэгджээ.