АНУ-ын Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноудены хэвлэлийнхэнд гаргаж өгсөн баримт бичгээс үзвэл, тус улсын Үндэсний аюулгүй байдлын газар (ҮАБГ) гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн 38 газрыг тагнаж чагнасан байна. Тэдний дунд Европын холбооны гишүүн орнууд, Япон, Мексик, БНСУ, Энэтхэг, Туркийн дипломат төлөөлөгчийн газрууд, тэр ч бүү хэл НАТО-гийн холбоотон улсууд нь болох Франц, Италийн ЭСЯ ч багтжээ. Энэ тухай “Guardian” сонин сэтгүүлчдийн олж авсан баримтыг түшиглэж мэдээллээ. Уг баримт бичгийг “Booz Аllеn Hamilton” компанийн ажилтан асан, ТТГтай гэрээгээр хамтран ажиллаж байсан Эдвард Сноуден сэтгүүлчдэд дамжуулсан юм байна. Тэрбээр үүний өмнө АНУ-ын тусгай албад дэлхий дахины интернетийн болон телефон утасны үйлчилгээний хэрэглэгчдийг өргөнөөр чагнаж байсан баримтыг олон нийтэд дэлгэсэн юм.
2010 оны есдүгээр сар гэж огноо тавьсан шинэ баримт бичиг дипломатчдыг хэрхэн нууцаар ажиглаж байсныг ч тодорхой харуулж байгаа аж. Нууц албадын ажилтнууд тусгай техник хэрэгслийн тусламжтайгаар дипломат төлөөлөгчийн газруудын байран дахь цахим харилцаа холбоо, телефоны шугамд нэвтрэхийн сацуу тусгай антенн ашиглан дипломатчдын яриаг чагнаж байсан байж болзошгүй нь. Дээр дурдсан Америкийн холбоотон орнуудаас гадна Вашингтонтой таагүй харилцаатай улсууд ч мөрдлөгийн бай болсон байх аж. Харин Баруун Европын бусад улс, түүний дотор Их Британи, ХБНГУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг тагнасан эсэх талаар баримт бичигт дурдсангүй. Германы “Spiеgel” сэтгүүлд өнгөрөгч бямба гаригт гарсан нийтлэлд Америкийн ҮАБГ Европын холбооны Вашингтон, Нью-Йорк дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудыг сэм чагнан, компьютерийн сүлжээнд нь нэвтэрсэн талаар мөн л Сноудены баримт бичгээс ишлэн мэдээлсэн юм.
Үүний дараа Европын холбооны орнуудын эрх баригчид сэтгэл зовинож буйгаа илэрхийлэн, дээрх мэдээллийн талаар албан ёсны тайлбар хийхийг Вашингтонд хандаж шаардсан. “Европын орнуудын дипломат төлөөлөгчийн газруудыг тагнасан нь дэлхийн улс төрийн бодлогын асуудлаарх Европын холбооны гишүүн орнуудын байр сууринд ямар ялгаа, санал зөрөлдөөн буйг тодруулах зорилготой байсан нь сэтгүүлчдийн олсон баримтаас харагдаж байна” гэж “Guardian”-д тэмдэглэлээ.