Египетийн лалын шашинт Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг огцрохыг шаардаж өчигдөр Каир хотын Тахрирын талбайд олон мянган хүн цугларчээ. Түүний Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойших нэг жилийн ой нь өчигдөр тохиосон агаад эдийн засгийн байдал дордож иргэдийн аюулгүй байдлын асуудал улам хурцадсан хэмээн буруутгаж буй юм байна. Баасан гаригийн үдэш эхэлсэн уг эсэргүүцлийн жагсаалын үеэр гурван хүн нас барсны нэг нь АНУ-ын иргэн байжээ.
Жагсагчид лалын шашинт Ерөнхийлөгчийнхөө бодлогыг эрс шүүмжилж буй агаад түүнийг огцруулж, дахин сонгууль явуулахыг шаардсан бичигт 22 сая гаруй хүн гарын үсэг зурсан байна. Тус улс 84.5 сая хүн амтай билээ. Мухаммед Мурсиг эсэргүүцэгчид Тахрирын талбайд олон зуун туг хатган, майхан барьж төвхнөсөн агаад Ерөнхийлөгчийн ордон руу тайван жагсаал хийжээ.
Бүх нийтийн сонгуульд Мухаммед Мурси олонхийн саналаар ялалт байгуулж, өнгөрсөн оны зурга дугаар сарын 30-нд Ерөнхийлөгч болсноос хойш Египет улсад улс төрийн эмх замбараагүй байдал газар авч, эдийн засаг нь улам дорджээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН