Катарын эмир (хаан) Хамад бин Халифа ат-Тани ширээгээ 33 настай хүү Тамимдаа шилжүүлэхээр болсон нь нэгэнт тодорхой болов. Гэтэл катарчууд “аугаа Хамад”-даа хайртайгаа, хийсэн ажилд нь талархдагаа илэрхийлж, түүнийг албандаа хэвээр байхыг 280 мянгуул хүсэж байна. Хааныхаа шийдвэрийг тактикийн алхам, дөрөвдүгээр сарын нэгний хожимдсон наргиан гэж бодож буй хүн ч тэнд олон байгаа аж. Гэлээ ч Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг хүн, эзэнт гүрний санаархалтай “эрхийн чинээ” улсын эзэн эрх мэдлээсээ татгалзсан нь гарцаагүй үнэн явдал болов. Түүхийн цаг хугацаагаар хэмжвэл саяхан, тодруулбал 1995 онд Катар улсыг харгис хатуу хүн, одоогийн эмирийн эцэг Халифа бин Хамад ат-Тани захирч байлаа. Тэгэхэд байгалийн хийн экспортоор дэлхийд зургаад ордог тус улс бурханд мартагдсан нутаг болж байхад хөрш Дубай, Абу-Даби нь Сингапур, Хонконгтой өрсөлдөхөөр зэхэж байв.
Катарын хаан ширээ залгамжлах залуу ноён (43 нас гэдэг Саудын хөгшин удир дагчдын хувьд нялх гэсэн үг) ордны эргэлт хийж эцгээ ширээнээс нь ширдэгт шилжүүлэв. Шинэ эмирийн гаргасан анхны шийдвэрүүдийн нэг нь араб хэлээр мэдээлэл цацдаг хиймэл дагуулын телесувагтай болох тухай байлаа. Ийнхүү 1996 онд “Аль-Жазира” анхны нэвтрүүлгээ цацаж, хэн ч үл мэдэх жижигхэн Катар дэлхий дахинд танигдаж эхлэв. Доха бол үнэн хэрэг “Аль-Жазира”-гийн нийс лэл гэж Ойрхи Дорнодод тоглоомоор болгон ярилцах ч болов. Дэлхийд нэрд гарсан мэдээллийн хэрэгслүүдтэй өрсөлдөх чадвартай хамгийн орчин үеийн, хамгийн тусгал сайтай зэвсэг өөртөө бий бол гочихоод Катарын эмир улсынхаа эрх ашгийг урагш нь ахиулж, өрсөлдөгчөө намнах ажилд орлоо. Энэ нь нийслэлийн дүүргүүдийг чимдэг тэнгэр баганадсан барилга, гял цал болсон худалдааны төвүүдийг биш эмир Хамад бүс нутгийн болон олон улсын удирдагчидтай хамтран харилцаа холбооны сүлжээ бий болгосныг хэлж буй юм. Туркийн султан болох гээд чадахгүй байгаа Эрдоганаас түүний ялгаатай нь Катараа “буяны газар” болгож чадсан нь аж. Тэрбээр Америкийн засаг захиргаатай ч, Афганы талибуудтай ч “итгэлцлийн харилцаа” тогтоосон. Израиль, ХАМАС, “Хизболла”-тай ч сайн харилцаатай болоод авав. Удалгүй эмир маань дайсагнасан талуудыг эвлэрүүлэгч, тэдэнд тус хүргэж, дээдэлж хүндэлсэн энхийн үйлстэн болжээ.
Ойрын өдрүүдэд талибуудын төлөөлөгчид, ХАМАСын удирдлага, Сирийн сөрөг хүчнийхэн Катарт зочилж буй. Катарын эмир 2007-2008 онд Ливанд иргэний дайн гаргуулахгүй байж чадсан. Египетэд Мухаммед Мурсигийн лалын дэглэм өнөөдөр Катарын өглөгөөр л оршин тогтнож байна. Катарын барилгын компани “Дияр” Рамалла, Гааз, Хар тум, Жубед байшин барилга сүндэрлүүлсээр. Ливи, Сирид бослого тэмцлийн үеэр Катарын далбаа намирч байгаа бол Муаммар Каддафи, Башар Асадын аль нь ч босогчдыг зэвсэг, мөнгөөр угжиж байна хэмээн хүчирхэг эмирийг илт шулуун буруутгаж зүрхлээгүй. Эмир Хамад бин Халифе ат-Тани одоо 61 настай. Тэгвэл Саудын Ара бын ван ерэн насанд ойртчихсон, Кувейтийн эмир 87 настай. Уг нь Катарын эмир хүслээ бараг гүйцээ сэн ч гэлээ ойрхи дорнодынхны уламж лалыг хадгалан цаашид ч засаг ладаг дээрээ л яваа юм. Катар улс одоогийн байдлаар бүс нутагтаа элдэв бослого тэмцэл гараагүй цорын ганц улс юм. Цаашид яахыг хэн мэдэх вэ. Хэсэг офицер эмирийнхээ эсрэг эргэлт хийх гэж оролдсон гэх мэдээлэл жилийн өмнө дуулдаж байсан.
Ойрхи Дорнодын орнуудын ард түмэн эрх баригчид нь улс орноо хэдэн арван жил ээлж халаагүй удирдаж байгаад дургүйцэх боллоо гэх яриа сүүлийн хоёр жил гаруйн дотор гарах болов. Эрх мэдэлтэй байхад 18 жил гэдэг бол хангалттай хугацаа. Эмир өөрийн гаргаж буй шийдвэрээ чухам ийн тайлбарласан. Улс оронд залуу цус хэрэгтэй байгаа тул хүү Тамим нь эцгийнхээ халааг авч Төрийн залуурын дэргэд очих нь. Тэгэхдээ сөрөг хүчин нь Иорданд Хуссейний эсрэг, Египетэд Насрын эсрэг босоход улсынх нь удирдагчийн залуу нас саад болж байгаагүй юм. Залуу эмир Тамим бин Хамад ат-Танийн багийнхан бүгд Их Британид хүмүүжиж боловсорсон англиар ус цас шиг ярьдаг Өр нө- дийн удир дагчид болоод хүүхдүүдтэй нь танил аж.
Доха дахь зарим эх сурвалжын мэдээгээр бол эцэг эмир Хамадын эрүүл мэнд сайнгүй дуулдана. Сүүлийн үед тэрбээр турсан нь илт байгаа. Тиймээс өөрийн удмын олон хүн, хатад, ах нар нь хожим эрх мэдлийг булаалдахаас сэрэмжилж ийм алхам хийхээр шийдсэн биз ээ. Залуу Эмирийн хэлсэн ярьснаас үзвэл түүний санаа бодол эцгийнхээсээ нэг их хол зөрөхгүй бололтой. Түүнээс гадна нөлөө бүхий Ерөнхий сайд Хамад бин Жассем нь албандаа үлдэж буй. Эцэг нь ч бас зөвлөх нь мэдээж.
Р.ЖАРГАЛАНТ