Маргаан үүсгээд байгаа Сенкакү арлыг хамгаалахад хэрэглэх зорилгоор 400-500 км холын тусгалтай баллистик пуужинтай болох асуудлыг Японы Батлан хамгаалах яам авч үзэж эхлэв. “Санкей” сонинд бичсэнээр бол уг пуужинг өмнөд нутгийн Окинава арал дээр байрлуулах бололтой. Хятадын зүгээс Сенкакү арал руу нэвтэрч орох гэвэл тэр үйлдэлд хариу цохилт өгөх зориулалтаар уг пуужинг ашиглах юм байна. Төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг ирэх сард хүрээнд бэлэн болгох аж. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлбэл Японы өөрийгөө хамгаалах хүч анх удаа ийм пуужинтай болох юм.
Япон улс өнөө болтол холын тусгалтай давшилтын зэвсэгтэй байгаагүй аж. Японы Батлан хамгаалах яамны урьдчилан үзэж буйгаар шинэ пуужин 500 км зайг тав орчим минутад туулах юм. Тэгвэл одоо хэрэглэж буй далавчит пуужин нь ийм зайг хэдэн арван минутад туулдаг гэнэ. 2016 он гэхэд Японы Батлан хамгаалах байгууллага холын тусгалтай баллистик пуужинтай болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхдээ ийм ажил нь Японы зэвсэгт хүчний үйл ажиллагаа зөвхөн улсаа батлан хамгаалах явдлаар хязгаарлах тухай Үндсэн хуулийн заалтад харшилж магадгүй гэж эрх баригч эвслийн намын зарим гишүүн болгоомжилж буй тул Батлан хамгаалах яам нь төлөвлөгөөнөөсөө татгалзаж болзошгүй юм.
Сенкакү арлыг хувьдаа эзэмшигчээс нь худалдан авч буйгаа өнгөрсөн оны есдүгээр сард Токио зарласнаас хойш тус арлыг тойрсон Япон, Хятадын нутаг дэвсгэрийн маргаан хурцадсан юм.