ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела энэ сарын 8-наас эмнэлэгт хэвтэж байна. Түүний бие муудлаа гэж тус улсын одоогийн Төрийн тэргүүн Жейкоб Зумагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга ням гаригт мэдээлэв. Дөрөвдүгээр сард уушги нь үрэвссэнээс тэрбээр эмнэлэгт хүргэгдээд удалгүй гарсан аж. Тэр үед 94 настай Манделагийн биеийг тогтвортой сайжирлаа гэж мэдээлж байв.
2012 оны арванхоёрдугаар сараас Мандела дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтээд байгаа гэнэ. Арьсны өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцэгчийн хувьд Манделаг дэлхий дахин мэдэх болсон. 27 жил шоронд сууж, 1993 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн юм. 1994 онд ӨАБНУ-ын хар арьст анхны Ерөнхийлөгч болсон удаатай. Энэ албыг 1999 он болтол хашсан тэрбээр долдугаар сарын 18-нд 95 насыг зооглох юм.