НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын өвд долоон шинэ объектыг бүртгэсний дотор Японы Фүжи уул оржээ. Дэлхийн өвийн хороо саяхан хуралдаж ийм шийдвэр гаргасан аж. Фүжи уул нь XII зуунаас буддын шашны даяанчдын төв болж байжээ. Энэ уул 3776 метр өндөр юм. Өвийн бүртгэлд Португалийн Альта, София хэмээх их сургууль орсон байна. Энэ сургууль долоон зууны өмнө байгуулагджээ.
Уг объектын гол дурсгалт зүйл нь XII зуунд босгосон Ариун загалмайн дуган юм. Бас XVI зуунаас хойш оршин тогтнож буй хэд хэдэн салбар, 1537 оноос тус их сургууль байрлаж ирсэн Алкасовын хааны ордон, V Жуны нэрэмжит номын сан, XVIII зууны цэцэрлэгт хүрээлэн, 1940-өөд онд байгуулсан их сургуулийн хотхон зэрэг багтах юм байна.
Гурав дахь объект нь Африкийн Нигер улсын Агадес хотын түүхэн төв гэнэ. Катарт оршдог Аль Зубарын эртний хөшөө бас өвд орсон байна. Персийн буланд байх энэ цамхаг-хот IX зуунд бий болсон бөгөөд XVIII зууны эцэс, XIX зууны эхэн үед эрдэнэс олборлох, худалдаа хийх төв болон цэцэглэн хөгжжээ. 1811 онд хотыг сүйтгэж, XX зууны эхээр бүрмөсөн орхисон аж. Одоогоор хот байсан нутаг дэвсгэрийн багахан хэсэгт нь малтлага хийж байна. Тав дахь объект нь Номхон далайн арлын жижиг улс Фижигийн усан буудлын Левука хот аж. 1874 онд энэ вант улс Британийн колони болсны дараа уг хот Фижигийн нийслэл болжээ. XIX зууны эхээс Левука хот америкчууд болон европчуудын ачаар худалдааны төв болсон аж.
Америк, европчууд энд тосгон бий болгож, усан буудал барьж, орон сууц, дэлгүүр болон шашин, боловсрол, нийгмийн олон газрыг байгуулжээ. Тус хот “XIX зууны сүүлч үеийн Номхон далайн усан буудлын загвар” болж байсан гэнэ. Зургаа дахь объект нь Канадад оршдог Ред Бей гэдэг халим агнуурын станц аж. Канадын умард нутагт XVI зууны 30-аад онд далайчдын бий болгосон энэ станц одоо археологийн дурсгал болж үлджээ. Станцыг 70 орчим жил буюу эндхийн халим устаж үг үй болох хүртэл ашиглаж байсан аж. Долоо дахь объект нь Хятадын “Цагаан будааны ХунхэХани зам” гэнэ. Дэлхийн өвийн хорооны 37 дугаар чуулган энэ өдрүүдэд Камбожийн нийслэл Пномпень хотноо болж буй бөгөөд энэ сарын 27-нд дуусах юм.
Р.ЖАРГАЛАНТ