Сомали улсад байдаг төлөөлөгчийн газар руу нь довтолсон хүмүүсийн ард буй этгээдүүдийн эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл арга хэмжээ авахад бэлэн гэж тус зөвлөлийн дарга, НҮБ-ын дэргэд суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Марк Лайал Грант мэдэгдлээ. Түүний танилцуулсан мэдэгдэлд лалын “Аш-Шабаб” бүлэглэлийн дайчдын хийсэн дайралтыг зөвлөлийн гишүүд ширүүн шүүмжилсэн байв. “Сомалид энхтайван, тогтвортой байдал бий болгох, аюулгүй байдлыг сахиулахад бэрхшээл учруулж буй үйл ажиллагааг өдөөгчдийн эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгааг Аюулгүйн зөвлөлийн гишүүд онцолсон юм” гэж тэрбээр хэлжээ.
Сурвалжлагчдын асуултад хариулахдаа “Энэ дайралтад хэн оролцсон, ямар зэвсэг хэрэглэсэн, зэвсгийг хаанаас авсан гэх мэтчилэн асуудлуудыг тогтоох зорилготой мөрдөн шалгах ажил явуулах болно. Аюулгүйн зөвлөл хэд хэдэн алхам хийж чадна гэж бодож байна” гэсэн байв. Сомалийн өнөөгийн байдлыг дүгнэхдээ НҮБ-ын зүгээс хэт дэврүүн хандсан гэсэн шүүмжлэл гарч буйтай тэрбээр санал нэгдэхгүй байгаа аж. “Сомалид 20 жил иргэний дайн болж буйг бид тооцож, түүний олсон амжилтыг бодитойгоор үнэлнэ” гэж мэдэгджээ.
Могадишо хотод байх НҮБ-ын цогцолборын хаалгыг лхагва гаригт тэсрэх бодистой машин дайрч, хүмүүс нь дотор нь нэвтрэн орсон аж. Төлөөлөгчийн газрын ажилтнуудын ихэнх нь нуугдаж амжсан байна. Энд амжиж ирсэн Африкийн холбооны энхийг сахиулагчид болон Засгийн газрын цэргүүд довтлогчдыг аюулгүй болгож чаджээ. Уг үйл явдлын үеэр 15 хүн амиа алдсаны долоо нь довтлогчид байсан аж.
Р.ЖАРГАЛАНТ