Лермонтов амьддаа алдрын оргилд хүрсэн хүн. 1841 онд түүнийг алуулсны дараахнаас зохиол бүтээлийг нь судлахаар гимназын сургалтын хөтөлбөрт оруулсан юм. Оросын I Николай хааны гэргий Александра Фёдоровна яруу найрагчийг шүтэн бишрэгчдийн нэг байсан гэдэг. Тэрбээр ууган охиноо нөхөрт гаргахдаа Лермонтовын шүлгийн түүврийг хуримын бэлэг болгож өгсөн юм гэнэ лээ. Үүний зэрэгцээ яруу найрагчийн үхлийн талаар олон нийтээр ярьж хэлэлцэхийг нууцаар хориглож байсан аж. Гэлээ ч дуэль хийсэн тухай яриа хүмүүсийн ам дамжсаар байж. “Эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр бол Лермонтовын амийг авч одсон сум 12 дахь хавирганаас доогуур орж 5, 6 дахь хавирганы хоорондуур гарсан байв. Уг сумны явсан зам доороос дээш 45 градусын өнцөг гаргасан байна” гэсэн байсан.
Тэгэхлээр хэн нэгэн хүн газар хэвтэж байгаад, нуувчнаас буудсан байж таарах нь. Нөгөө талаар Лермонтовын амийг хөнөөсөн сум биеийг нь нэвт гарсан байсан нь тухайн үеийн гар буунд хэт ахадсан “чадал” байлаа. Тэр үед винтов л ийм хүчтэй байжээ. Энэ бүхнээс үзвэл Лермонтовыг дуэль болсон газрын дэргэд байсан бутан дотроос алуурчин буудаж алжээ гэсэн дүгнэлт хийж болохоор гэж анагаах ухааны доктор, Лермонтовын тухай ном бичсэн Георгий Абсава “АиФ” сонины сурвалжлагчид ярьжээ. Мэргэн буудагчийн тухай таамаглалыг бүр XX зууны 30-аад онд Лермонтовын гэр музейн захирал байсан Степан Коротков анх дэвш үүлсэн бөгөөд чухам үүний улмаас тэрбээр ажлаасаа халагдсан аж. Үүнээс 20 жилийн дараа Константин Паустовский “Голуудын халиа” хэмээх Лермонтовын тухай номдоо “Мартыновыг буудахтай хамт өөрийнх нь зогсож буй голын эргийн бутан дотроос хоёр дахь буун дуу түүнд сонсогдох шиг болов” гэж бичсэн байна. Зөвлөлтийн утга зохиол судлаач Юрий Тынянов ч Лермонтовыг алуулсан гэдэгт эргэлздэгг үй аж. Тэрбээр “Грибоедов, Пушкин, Лермонтов нар үхээгүй, тэднийг ердөө л зайлуулж орхисон” гэж бичсэн байдаг.
“Дөрвөн жил орчмын хугацаанд багтаад Орост хоёр аугаа яруу найрагч амиа алдсан. 1837 онд Пушкин, 1841 онд Лермонтов. Пушкин амь үрэгдсэнд ард түмэн гашуудсан. Түүнтэй салах ёс хийхээр 500 мянган хүнтэй Петербургийн 50 мянган хүн ирсэн юм. “Пушкингүйгээр бид яаж байх юм бэ. Түүнийг одоо хэн орлох вэ” гэж тогооч маань асууж байсан.
Тэгвэл Пушкинийг Лермонтов орлож үлдээд байлаа. Түүний “Шүлэгчийн үхэл” шүлэг аль тэртээх XIX зуунд Интернетийн хурдаар Орос орон даяар түгэв. Хэдийгээр энэ шүлэг албан ёсоор 20 жилийн дараа л хэвлэгдсэн ч хүмүүс түүнийг хэдийнэ цээжилчихсэн байсан” хэмээн Пушкиний дотны нөхөр Петр Вяземский бичиж байв.
Лермонтов Пятингорскод амиа алдсан гэсэн ганцхан шалтгаанаар оршуулахад нь олон хүн оролцоогүй аж. “Яруу найрагчийн амийг хороолгосон хүмүүс эхлээд ирүүлд Лермонтовын эсрэг түрүүч Лисаневичийг тавихаар оролдсон ч нөгөөх нь “Ийм хүний өөдөөс гар далайх гэж үү” хэмээн татгалзжээ. Тэгэхлээр нь чөлөөнд байсан хошууч Мартыновыг “тоглолтонд” оролцуулав. Мартынов үнэн хэрэг дээрээ хөлсний алуурчин байгаагүй юм. Тэрбээр айхтар шившгийг нуун далдлах аюултай нүглийг бие дээрээ үүрсэн аж. “Шударга” тулаанд амиа алдсан хэргийг тухайн үеийн язгууртны нийгэм хайхралгүй өнгөрөөсөн байна. Энэ аллагыг зохион байгуулагч нь Мартыновын “засуул” ноён Васильчиков байсныг олон баримт нотолдог. Мэдээж болсон явдлыг нууц цагдаагийн газар хаанд илтгэсэн байж таарна. I Николай хаан Мартыновт маш хөнгөн ял оноож, ердөө гурван сар харуул хийж, сүмд нүглээ наминчлах төдийг өөр хязгаарласан. Орос орныг шившигт хутгасан энэхүү дуэлийн бодит байдлыг олны сонорт хүргэхээс зайлсхийж, үнэнийг нууцалсан байна. Түүнээс гадна Васильчиков гэгч нь Сайд нарын хороо болон Төрийн зөвлөлийн дарга, I Николай хааны итгэлт хүн эрхэмсэг ноён Илларион Васильчиковын хүү байжээ. Энэхүү Илларион Васильчиков шударга, тууштай чанараараа нэрд гарсан нэгэн байсан ч хүү нь мөрийтэй тоглоомын хорхойтон байсан аж. Лермонтовын дайснууд нэрэлхүү занд нь өгөөш хаяж, Мартыновыг уургалж авчихаад амжилт олно гэдэгтээ эргэлзэхгүй байжээ.
Пушкин, Лермонтов хоёрын амийг хорооход I Николай хааныг буруутгадаг судлаач олон байдаг. Хэдийгээр Хаан, Пушкин хоёр тун сайнгүй харилцаатай байсан ч тэд нэгэн санаатнууд байсан аж. Пушкинийг хаан тусгайлан цалинжуулж, “Пугачевын бослогын түүх”-ийг нь хэвлүүлэх хөрөнгийг өгч байсан гэдэг. Пушкинийг алуулсны дараа түүний бүх өрийг хаан дарж, бэлэвсэрч хоцорсон гэргий, өнчирч үлдсэн хүүхдүүдийг нь харж, хандаж, зохиолын бүрэн эмхэтгэлийг нь улсын хөрөнгөөр хэвлүүлж байжээ.
Геккерн, Дантес нарын гараар Пушкинийг устгасан хүмүүс хаанд үзүүлсэн түүний нөлөө нэмэгдэж байгаагаас айсанд, Пушкин үндэсний болон үнэн алдартны шашны үнэт зүйлсийг номлож, XIX зууны “хараал идсэн” 40-өөд оны “Оросын нийгмийн хагарлыг” яруу найрагчийн гайхалтай чадвар л зогсоож чадна гэж үзэж байсанд Абсава эргэлздэггүй аж. Энэ байдал нь “Засгийн газарт биш Орос оронд сөрөг хүчин болсон маш олон хүн” гэж амиа алдахаас таван жилийн өмнө Пушкиний хэлж байсан Оросын либерал үзэлтнүүдийг түүний эсрэг турхирсан байна. Орос орныг хагарч бутрахад заналхийлсэн улстөрийн маргаан бүхий нөхцөлд Пушкиний орыг Лермонтов гэдэг бас нэг аугаа билэгтэн залгасан юм. Лермонтовыг “Сэтгэлийн их хаттай хүн” гэж нэрлэдэг байв. Өнөөгийн тусгай зориулалтын хүчний эх суурь болсон эр зоригтнуудын “нисдэг отряд” гээчийг Кавказад Лермонтов удирдаж байлаа. Гэхдээ цэргийн албаар нэр алдарт хүрнэ гэж тэрбээр боддоггүй, сэтгэлийнхээ дуудлагаар явахын тулд армиас халагдахыг хүсдэг байв. Яруу найрагч амьсгал хураасныг дуулаад I Николай хаан “Бидэнд Пушкинийг орлох хүн маань байхгүй болжээ” гэж хэлсэн аж.
Тэр цагаас хойш Лермонтовын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой тэмдэглэлт өдрийг төдийлөн өргөн тэмдэглэж байсангүй. Нөхц өл байдал ч нөлөөлсөн. 1914 онд түүний 100 жилийн ой болоход Дэлхийн нэгдүгээр дайн болж байлаа. Амиа алдаад 1941 онд 100 жил болоход Дэлхийн II дайн болж байв. 1964 онд Лермонтовын 150 жилийн ой тохиоход Хрущевийг “аваад хаячихлаа”. Магадгүй түүний мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх үед амь үрэгдсэний нь нууцыг мэдэхэд нэлээд ойртсон байж болох юм…
Р.ЖАРГАЛАНТ