“Их найм” буюу АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад, Орос улсын дээд хэмжээний жил бүрийн уулзалтын энэ оных нь зургадугаар сарын 17-ны орой Умард Ирландын рашаан амралтын Лох-Эрн хотод нээгдэв. Аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудын удирдагчдын энэ удаагийн яриа хэлэлцээний гол сэдэв нь Сири дэх иргэний дайн, бий болсон нөхц өл байдлаас гарах арга замын тухай асуудал байх аж. Сирийн байдлыг зохицуулах талаар Оросын баримталж буй байр суурь Америк, Франц, Британийнхаас ихээхэн өөр байгаа. Тийм ч учраас ажиглагчид Ерөнхийлөгч Владимир Путиний тэрг үүлсэн ОХУ-ын төлөөлөгчдөд ихээхэн анхаарал хандуулж байна.
Путин хоёр талын уулзалт ярианд оролцож, дээд хэмжээний уулзалтын ширээний араас ч үгээ хэлэх л бололтой. Төлөвлөж буй хоёр талын уулзалт хэлэлцээнээс Сири дэх байдал, түүний эргэн тойрны үйл явдал хэрхэн өрнөх нь шалтгаална гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Сирийн нутаг дэвсгэр дээгүүр “нислэгийн бус бүс” бий болгох талаар НҮБ тогтоол гаргах гэвэл хориг тавина гэдгээ Орос улс дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө мэдэгдэв. Түүнээс гадна Сирийн босогчдод зэвсэг олгохоор АНУ тэргүүтэй Өрнөдийн хэд хэдэн орон шийдвэрлэснийг ОХУ эрс шүүмжиллээ. Сирийн асуудлын зэрэгцээ АНУ, Их Британи улс болон Европын холбооны удирдагчид чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах талаар ярилцахаар зэхэж байгаа юм байна. “Sky News”-ийн үзэж буйгаар бол энэ хэлэлцээр ойрын таван жилд дэлхийн эдийн засгийн хувьд томоохон баримт бичиг болох аж. Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлын хүрээнд татвараас зайлсхийх явдалтай бүх нийтээр тэмцэх, дэлхий дахины эдийн засгийн өсөлтийг хангах нөхцөлийг бий болгох, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх зэрэг сэдэв орох юм байна.
Дээд хэмжээний уулзалт болж байх үед цагдаагийн байгууллага болон тусгай албад рашаан амралтын энэ хотыг өндөржүүлсэн хамгаалалтад авчээ. Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тухай асуудлыг хөндсөн байна. Түүний үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Бен Родс хэлэхдээ “Янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээлэл дээр түшиглэж бид дүгнэлт хийсэн болохоор Сирид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримтад эргэлзэхгүй байна. Оросын талтай хамтран НҮБын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг бид хүсэж буй. Манай Ерөнхийлөгч ийм байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, Асадын дэглэм НҮБ-ын шинжээчдийг улсдаа оруулахыг зөвшөөрөх нь бүх асуудлыг шийдвэрлэх шилдэг арга” гэсэн байна. Сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэх гэж байгаагийнхаа нарийн ширийн зүйлийг орос анд нөхөртөө АНУ-ын Ерөнхийлөгч дуулгасан эсэхийг сэтгүүлчид лавлахад “Ийм нарийн зүйлийг тэрбээр яриагүй болов уу гэж бодож байна. Үлэмж харгис хэрцгий хүчирхийлэл хэрэглэж буй дэглэмийн эсрэг Сирийн сөрөг хүчинд дэмжлэг хэрэгтэй байгаа гэж үзэж буйгаа л бид онцолсон” гэж Бен Родс хариулжээ.
Хоёр орны төрийн тэргүүн уулзахдаа Оросын зэвсгийг Сирид нийлүүлж буй асуудлыг мөн хөндсөн байна. “ОХУ бол урьд нь байгуулсан гэрээгээ л биелүүлж байна гэсэн байр суурьтай байсан. Зэвсэг нийлүүлж буй нь Сирид энх тайван, тогтвортой байдал бий болгох зорилгод нийцэхгүй гэдгийг бид хэлсэн” гэж Бен Родс онцлон тэмдэглэсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ