Дмитрий Медведевийг ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа 2009 онд Лондонд болсон “Их 20”-ын уулзалтад оролцох үед АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг утсаар хийсэн яриаг нь сонсох оролдлого хийж байжээ. Их Британийн “The Guardian” сонин ТТГ, Үндэсний аюулгүй байдлын агентлагын ажилтан байсан Эдвард Сноудений цуглуулсан материалуудад түшиглэн энэ сарын 16-ныхаа дугаарт ийн бичсэн байна. Тус агентлагаас Британийн тусгай албадад дамжуулан илтгэлд өгүүлснээр бол Умард Йоркшир гүнлэгт байх Америк-Британийн баазын ажилтнууд Медведевийн болон Оросын бусад төлөөлөгчдийн Москватай хиймэл дагуулын сувгаар хийсэн яриаг тайлж уншихыг оролдсон аж.
Энэ оролдлого хэр бүтэмжтэй болсон тухайд сонин мэдээлсэнгүй. Түүнчлэн 2009 онд Лондонд болсон “Их 20”-ын төрийн тэргүүнүүд хийгээд Сангийн сайд нарын уулзалтын үеэр гадаадын улст өрчдийн араас Их Британийн Засгийн газрын даалгавраар тусгай албад нь цахим мөрдлөг хийж байсныг гэрчлэх материал дээр өгүүлсэн сонинд нийтлэгдсэн байна. Сонинд мэдээлснээр бол Британийн цахим аюулгүй байдлын агентлаг (GCHQ) улстөрчдийн цахим харилцаа, утасны яриаг хянаж байсан аж. Тухайлбал, энэ үйлдэл ӨАБНУ, Туркийн төл өөлөгчдөд хамаатай гэнэ. Бага хурлын явцад 45 шинжээч өдөр шөнөгүй ажиллаж, утсаар хийсэн яриануудын талаар тойм мэдээлэл бэлтгэн өгч байжээ. Авсан мэдээллээ Британийн тусгай албад Засгийн газартаа уламжилж байв.
Америкийн тусгай албад гадаадын иргэдийн утсаар хийсэн яриа болон интернэт харилцааг мөрдөн хянаж байсныг Америкийн эрх баригчид саяхан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ алан хядах ажиллагааг таслан зогсоох, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд энэ үйлдэл ямар их ач тустайг тэд дөвийлгөж буй. Өөрсдийн үйлдлийг ч хууль ёсных гэж үзэж байгаа Мөрдөн хянах үйлдэл нь зөвхөн алан хядах ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэгдсэн, АНУ-ын иргэн бус юм уу, хилийнх нь гадна байгаа хүмүүст л хамаатай гэж тус улсын холбогдох байгууллага урьд нь баталдаг байсан юм. Одоогоор Хонконгод байгаа гэсэн сурагтай байгаа Сноуденд эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Р.ЖАРГАЛАНТ