Америкийн хөлбөмбөгийн “Нью-Ингленд Пэтриотс” клубийн эзэн, тус улсын баячуудын жагсаалтад дээгүүрт ордог Роберт Крафт найман жилийн өмнө болсон нэгэн явдлын тухай олон нийтэд зарласан нь шуугиан тариад байна. Түүний мэдээлснээр Владимир Путин 2005 онд очир эрдэнийн шигтгээтэй, 25.000 ам.долларын үнэтэй бөгжийг нь хулгайлсан юм байх.
Р.Крафт тухайн үед энэ талаар Цагаан ордны эрх мэдэл бүхий хүмүүст мэдээлж, арга хэмжээ авч өгөхийг хүссэн ч хоёр орны харилцаанд сэв суулгахаас Ж.Бушийн Засгийн газар болгоомжлон, түүнд энэ тухай ярихгүй байхыг анхааруулж “Путинд бэлэглэсэн” хэмээн хэлүүлсэн гэнэ. Гэвч ноён Крафт бөгжөө эргүүлэн авахыг хүсэж, үнэнийг ийнхүү дэлгэжээ.
Харин 2005 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Хэвлэл мэдээллийн албаны атташе байсан Дмитрий Песков энэ мэдээллийг үгүйсгэн “Р.Крафт 2005 оны зургадугаар сарын 25-нд Санкт-Петербургт айлчлах үеэрээ Ерөнхийлөгч В.Путинд эл бөгжөө бэлэглэсэн. Тэр үед би тэдний хажууд зогсож байсан учраас энэ үйл явдлыг санаж байна. Ноён Р.Крафт юуны учир ийм мэдээлэл хийснийг ойлгохгүй байна. Тэрбээр бөгжөө хуруунаасаа авч Ерөнхийлөгчид үзүүлж “АНУ-ын супер аваргын тэмцээнд ялж энэхүү бөгжөөр шагнуулсан” гэж хэлсэн. Хэрэв ноён Крафт бөгжиндөө харамсаж, гарз гарсан гэж шаналж байгаа бол түүнд өөр бөгж илгээж болох юм” хэмээгээд өдгөө тэр бөгж Кремлийн номын санд хадгалагдаж буй гэсэн байна.
Америкийн тэрбумтаны ярьснаар В.Путин тэр үед бөгжийг нь зүүж үзчихээд юу ч хэлэлгүй шууд халааслангуутаа зочидтой салах ёс гүйцэтгэж, өрөөнөөс гарч явсан аж. Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг ойлгох завдал гараагүй гэж ноён Крафт мэдээлжээ. Үүнээс гадна 2005 онд Нью-Йоркийн өдөр тутмын “Sun” сонинд “Ноён Крафт нандин бөгжөө Оросын Ерөнхийлөгч В.Путинд бэлэглэхийг хүсээгүй. Харин ч эргүүлж авахаар хөөцөлдөж байсан” гэж мэдээлж байжээ. В.Путин үнэхээр тэр бөгжийг санаатайгаар мэдэн будилж халаасалсан, эсэх талаар Оросын хэвлэлүүдэд зөрүүтэй мэдээллүүд гарч байна. Тухайлбал, “Деловой квартал” зэрэг цахим хэвлэлд “Америкийн тэрбумтан Р.Крафт Ерөнхийлөгч В.Путин миний бөгжийг хулгайлсан гэж хошигноод, бөгж минь өдгөө Кремлийн ордонд хадгалагдаж буйд сэтгэл хангалуун байна гэсэн” гэжээ.
Э.Хана