Лхагва гаригт 89 нас сүүдэртэй золгосон АНУ-ын Ерөнхийлөгч асан том Жорж Бушт эх орон нэгтнүүд нь өнөө жил өвөрмөц бэлгээр мэндчилгээ дэвшүүлэв. Мянга мянган америкчууд энэ эрхэмд хурц өнгийн оймс өмсөж авахуулсан гэрэл зургаа интернэтээр илгээж, төрсөн өдрийн баяр хүргэжээ. Нэгэн иргэн “Ноён Ерөнхийлөгч өө, төрсөн өдрийн мэнд хүргэе. Уйтгартай оймснуудад үгүй гэж хэлцгээе” хэмээсэн зурвасыг улбар шар өнгийн урт оймстой зургийн хамт ирүүлжээ.
Чухамдаа энэ нь сүүлийн жилүүдэд АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч янз бүрийн арга хэмжээ, түүний дотор албан ёсны уулзалтад өнгө өнгийн оймс өмсөж очих тун дуртай болсонтой нь холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн онд өөрийн хүү, Ерөнхийлөгч асан бага Ж.Бушийн хөргийг Цагаан ордонд байрлуулах ёслолд улаан-цагаан-хөх өнгийн эрээн оймс, Техас мужид дунд сургуулийн тамирчин хүүхдүүдтэй уулзахдаа мөн тийм өнгийн, одтой оймсоор гоёсон байжээ. Түүний нэрэмжит сангаас “Экс Ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр өөрт байгаа хамгийн ер бусын, тод өнгөт оймсоо өмсөн, фотогоо илгээгээрэй” хэмээн уриалсны дагуу жирийн иргэдээс авахуулаад нэр хүндтэй олон улс төрч энэ хөдөлгөөнд нэгджээ.
Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Батлан хамгаалахын экс сайд Роберт Гейтс, Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөхөөр ажиллаж байсан Стивен Хэдли гурав хамтдаа зургаа татуулсан бол, Конгрессийн Төлөөлөгчдийн танхим дахь АН-ын бүлгийн лидер Нэнси Пелоси ч цэнхэр хослолтойгоо өнгө хоршуулан эрээн оймс угласан байгаа аж. Ерөнхийлөгч асан том Буш 75, 80, 85 насныхаа ойгоор мэргэжлийн багш нарын дэмжлэгтэйгээр онгоцноос шүхрээр бууж байжээ. Тэрбээр 1989-1993 онд Цагаан ордны тэргүүнээр ажилласан бөгөөд үүнийхээ өмнө Р.Рей ганы засаг захиргаанд Дэд Ерөнхийлөгч, Конгрессийн гиш үүн, НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч, ТТГ-ын дарга зэрэг алба хашиж байжээ.
Х.ЭНХ