Грекийн төрийн өмчийн телевиз, радио түр хугацаанд хаагдах болсныг эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтдаг хоёр нам мэдээлэв. Улсын төсвийн хөрөнгө хэмнэх ээлжит хөтөлбөрийн хүрээнд ийм алхам хийж буй агаад “Hellenic Broadcasting Corporation” компанийн 2500 ажилтан өчигдрөөс цалингүй амралтаа авчээ. Дээрх шийдвэрийг телесувгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо үл зөвшөөрч, ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.
Төсвийн олон оны алдагдал, улсын өр дааж давшгүй болтлоо зузаарсан нь Грекийг сүүлийн хэдэн жил эдийн засгийн хүндхэн хямралын үе туулахад хүргэсэн. Дэлхийн санхүү, эдийн засаг сайнгүй байгаа өнөөгийн нөхцөлд грекчүүд энэ бүхний ард өөрсдөө гарах боломжгүй, тиймээс ч олон улсын зээлдэгчдээс тусламж хүссэн. Зардлаа бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, хариуд нь 200 гаруй тэрбум еврогийн зээл тусламж хүртэхээр тохироод байгаа юм.